ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №31

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №31

2020.04.25

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

 

Монгол Улсад

COVID-19 халдвар бүртгэгдсэн 37
Эмчлэгдэж буй 28
Эдгэрч эмнэлгээс гарсан  9
Ажиглалтад 744
Ажиглалтад  байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн 201

Өнөөдөр буюу 2020.04.25-нд Монгол Улсын хэмжээнд 744 хүн ажиглалтад байгаа бөгөөд шинээр 41 хүн ажиглалтад орж, 270 хүн тусгаарлалтаас гарчээ. ХӨСҮТ-д коронавирусын халдвартай эмчлүүлж байсан нэг өвчтөн эдгэж сувилалд шилжжээ. 2020.04.16-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр коронавирусын халдвар илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусын халдвартай 28 хүн эмчлүүлж байна. ХӨСҮТ-д нийт 156 хүн тусгаарлагдан, давтан шинжилгээ, тандалтад байна.

Өчигдөр /2020.04.24/ нийтдээ 58 хүнд шинжилгээ хийж, тандалт судалгааны зорилгоор 16 сорьц цуглуулж, шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Улсын гуравдугаар төв эмнэлэг, Налайх, Баянзүрх дүүргийн эмнэлгүүдээс хамар, залгиурын сорьц шинжилгээ авч, тандалт судалгааг үргэлжүүлж байна. Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

2020.04.25-ны байдлаар улсын хэмжээнд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 37 дахь тохиолдол бүртгэгдээд байна. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Дэлхий дахинд коронавирусын цар тахлын тархах хүрээ их байгааг ДЭМБ-аас анхааруулж байна. Коронавирус илэрсэн хүнтэй ойрын хавьталд орсон бүх хүн дараалан өвдөж байгааг сүүлийн үед ОХУ-аас ирсэн оюутнууд болон сүүлчийн тохиолдлууд баталж байна. Тухайлбал, ОХУ-ын Москва хотоос ирсэн нийт 32 оюутныг коронавирусын халдвар авсан байх эрсдэлтэйд тооцож ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд эдгээр оюутнуудаас 20 нь уг вирусээр өвчилсөн байна.

Коронавирусээр өвдсөн хүмүүсийн эдгэх процесс халдвар тархах үетэй харьцуулбал маш удаан явцтай байна. Өвчтөнүүд дунджаар 21-45 хоног хэвтэн эмчлүүлж буй дэлхийн жишиг байна. ДЭМБ-аас коронавирустай холбоотой шинэ шинж тэмдгийг танилцуулсан. Хамрын үзүүр, хөл болон гарын хуруу орчмоор улаан, ягаан,  хөх өнгийн халуу дүүргэсэн арьсны өвчлөл ихэвчлэн хүүхдүүдийн биед илэрч байгаа тул коронавируст халдварын эхний шинж тэмдэг гэж үзэж болно гэж анхааруулсан байна.

Монгол Улс эрсдлийн долоо дахь удаагийн үнэлгээгээр халдвар тархах өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Иймд эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг иргэд дагаж мөрдөхийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй.

  • Эрүүл мэндийн яамны 2020.04.25-ны өдрийн ХБХ-ын мэдээллийг энд дарж үзнэ үү.

ЭМЯ–НЫ ЗӨВЛӨМЖ: Агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг коронавирусын халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга бол амны хаалт зүүх, гараа тогтмол угаах. Мөн хүмүүс хоорондоо 1.5-2 метрийн зай барьснаар өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархахгүй байхаас сэргийлнэ. Зай барих тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй уг зөвлөмжийг улс орнуудад хэрэгжүүлсэн туршлагаас харахад үр дүнгээ өгч байгаа. Эрүүл мэндийн байгууллагаас зай барих зөвлөмжийг дагаж мөрдөхийг аж ахуйн нэгж, иргэдэд уриалж байгаа юм.

Эрүүл мэндийн яамнаас иргэдэд хэрхэн зайнаас харилцах, олон нийтийн газарт 1.5-2 метрийн зай барих талаарх зөвлөмж өгсөн. Тус зөвлөмжид:

  • Коронавирусийн халдвар нь хамгийн багадаа 3-4 хүнд халдварладаг болох нь судалгаагаар тогтоожээ. Энэ тоо нэмэгдсээр цаашид хүн амын дундах тархалтад нөлөөлөх аюултай тул хүмүүс хоорондоо хоёр метрийн зай барих нь хамгийн аюулгүй гэж үзжээ.
  • Гар барьж мэндлэх, мөрөн дээр гар тавихаас татгалзах, тэврэлдэхээс татгалзах.
  • Худалдаа үйлчилгээний газрууд агаар сэлгэлт хийх. Бүгчим, агаар сэлгэлт муу байхад вирус гадаргуу дээр бууж, гараар дамжин бохирдож, нүдэнд халдварлах аюултай.
  • Амны хаалт зүүх.
  • Шаардлагагүй уулзалтаас татгалзах. Аль болох хүнтэй уулзахгүй байх зэрэг болно.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт 2020.04.23-нд өргөн барьжээ.

Тогтоолын төслөөр Монгол Улсын урт хугацааны тогтвортой өсөлтөд дэмжпэг үзүүлж, үүсэх эрсдэлээс хамгаалж, санхүүгийн чадвартай байх эрүүл, тогтвортой, зохистой засаглал бүхий банкны салбарыг бий болгох шинэчлэлийн хөтөлбөрийг гаргаж, хэрэгжүүлэх, зээл, санхүүжилтийн хүү болон эх үүсвэрийн зардлыг бууруулах, цар тахлын үед төрөөс нийгмийн шаардлагатай хэсэгт хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, хүн амын эрүүл мэнд, улсын аюулгүй байдлын төлөө эрсдэл гарган тасралтгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн зарим тусгай албан хаагчдад ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргах, жижиг, дунд үйлдвэрийн зээлд төрөөс гаргах батлан даалт болон улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, банкны бус санхүүгийн салбарыг зохицуулах зэрэг арга хэмжээг тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Улсын Онцгой Комисс  2020.04.30-нд БНСУ руу, 2020.05.02-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэснийг өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл 2020.04.23-ны өдрийн УОК-ын хуралдаанаар тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлж Сөүл хот руу 2020.04.30 болон 2020.05.01-ний өдрүүдэд нислэг хийх шийдвэр гаргасан. Ингэхдээ 2020.04.30-ны нислэгээр бусад улс орноос дамжин ирэх иргэдийг тусгайлан авах бөгөөд БНСУ-д байгаа иргэдийг 2020.05.01-ний өдрийн нислэгээр авахаар зохицуулсан байна. 2020.04.23-ны өдрийн Улсын онцгой комиссын Шуурхай штабын мэдээллийг энд дарж үзнэ үү.

Одоогийн байдлаар ЭСЯ-нд мэдэгдсэнээр Франкфурт руу хийх нислэгээр зөвхөн Европт байгаа иргэдээ авах бөгөөд Хойд Америкаас дамжин өнгөрөх зорчигч авахгүй гэсэн болно.

Эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээс хүндэтгэн үзэх шалтгаантай буюу дараах иргэдийг тусгай үүргийн нислэгт эхний ээлжинд хамруулах бөгөөд шийдвэрийг Улсын Онцгой Комисс гаргах юм. Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
  • Жирэмсэн
  • Бага насны /14 хүртэлх настай/
  • Хөгжлийн бэрхшээлтэй
  • Өндөр настан /60-аас дээш настай/

Хүсэлт гаргасан иргэд  48 цагийн дотор  коронавируст халдварын шинжилгээ өгсөн, хариу нь сөрөг гарсан байх шаардлагатай гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. 

Улсын онцгой комисс 2020.04.21-нд шуурхай хуралдаан хийж манай улсад коронавирус буюу COVID-19-ын тохиолдол нэмэгдэж байгаа тул урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас орох, гарах  хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020.04.21-ний өдрийн 21.00 цагаас 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Ингэснээр Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас бүх чиглэлд гарах, мөн тус хот, аймгууд руу бүх чиглэлээс орох хөдөлгөөнийг хязгаарласан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Covid-19 цар тахалтай холбогдуулан банкууд ипотекийн болон хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах иргэний хүсэлтийг 2020.05.01-ний өдрийг хүртэл авахаар болсон талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.

2020.04.16-нд Улсын онцгой комиссын шийдвэрийн дагууАмны хаалтаа зүүцгээе” аяныг улс орон даяар өрнүүлж байгаатай холбогдуулан аяныг зохион байгуулах нэгдсэн удирдамжийг баталсан. Аян нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, халдвараас сэргийлэх, эрүүл ахуйн зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх зорилготой юм. “Амны хаалт-Бидний аюулгүйн баталгаа” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа тус аян 2020 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

2020.03.23-наас Цагааннуурын боомт, 2020.03.28-наас Алтанбулагийн боомтыг түр хаах УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

 

Иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор АНУ-ын зарим хотуудаас БНСУ-ын Сөүл хот руу хийж буй нислэгийн хуваарийг Монгол хэлээр бэлтгэснийг доорх хүснэгтээс үзнэ үү.

 

Хот Агаарын тээвэрлэгч Нислэгийн хуваарь Давтамж
Chicago Korean Airlines Лхагва, Баасан, Ням 4 дүгээр сард 7 хоногт 3 удаа
Los Angeles Korean Airlines Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням Өдөр бүр
Los Angeles Asiana Airlines Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням Өдөр бүр
Seattle Delta Airlines / Korean Airlines Даваа, Лхагва, Баасан 4 дүгээр сард 7 хоногт 3 удаа
Detroit Delta Airlines / Korean Airlines Даваа, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба 4 дүгээр сард 7 хоногт 5 удаа
Atlanta Korean Airlines Даваа, Мягмар, Пүрэв, Бямба 4 дүгээр сард 7 хоногт 4 удаа
New York Korean Airlines Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням Өдөр бүр
New York Asiana Airlines Даваа, Лхагва, Баасан, Бямба, Ням 4 дүгээр сард 7 хоногт 5 удаа

 

АНУ-д

Ярилцлага: Цаг үеийн асуудлаар Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр 2020.04.17-ны өдөр өгсөн ярилцлагыг энд дарж үзнэ үү.

Тоо, статистик: 2020.04.24-ний байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 945 гаруй мянган коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 100 орчим мянган хүн эдгэрч, 53 мянга орчим хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу. Өнөөдрийн байдлаар АНУ-д 5.1 орчим сая хүнийг коронавирусын халдварын оношлогоонд хамруулжээ.

Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн 2020.04.24-ний өдрийн хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын муж, томоохон хотууд дахь нөхцөл байдал дээрдэж байгаа талаар мэдээлсэн ч иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Жич: АНУ, Мексикийн Нэгдсэн Улсад коронавирусын халдвар авсан иргэд байвал энэ талаар ЭСЯ-нд мэдээлэл ирүүлэхийг хүсье. ЭСЯ мэдээллийн нууцыг хадгалах бөгөөд зөвхөн тусламж үзүүлэх зорилгоор мэдээлэл хүлээн авах болно.

Коронавирусын халдварыг бууруулах аян 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа зэрэг мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 33 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байна. 2020.04.06-ны өдөр болсон Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсэг, АНУ-ын нийт мужийн Амбан захирагч нарын ээлжит теле-бага хурлын үеэр уг ажлын хэсгээс нийслэл Вашингтон хотын бүс нутгийг халдварын голомт хэмээн тодорхойлсон. Вашингтон хотын бүс нутагт “stay home” төрлийн хөл хориог бүрэн тогтоож, иргэдийг онцын шаардлагагүй хэргээр гэрээс гарахыг холбогдох захирамжаар хориглоод байна. Тус ЭСЯ-наас энэхүү нөхцөл байдалд уялдуулан иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж, АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулан тогтмол шинэчлэн хүргэж ирсэн бөгөөд энэхүү мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

 

АНУ-д коронавирусын халдвараас үүдэж хүндрэлд орсон жижиг, дунд бизнесийг дэмжих хөтөлбөрүүд, зээлийн эх үүсвэрийн талаар

           АНУ-ын Засгийн газраас коронавирусын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг саармагжуулах зорилгоор шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. тус улсын Конгресс коронавирусын эсрэг авч хэрэгжүүлж буй 484 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий эдийн засгийн 4 дэх багц арга хэмжээг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр баталлаа.

Энэ удаагийн 484 тэрбум ам.доллараас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд 384 тэрбум ам.долларыг, эмнэлгийн салбарт 100 тэрбум ам.долларыг зарцуулахаар болсон байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн нөхөн олговорт (Paycheck Protection Program) 321 тэрбум ам.доллар, харин 60 тэрбум ам.долларыг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд зээл олгоход зарцуулах юм байна. Өмнө нь баталсан CARES Act хуулийн 2 их наяд ам.долларын багц арга хэмжээний хүрээнд баталсан жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих 376 тэрбум ам.долларын санхүүжилт нь өргөдөл авч эхэлснээс хойш 13 хоногийн дотор дуусчээ. Иймд энэ удаагийн арга хэмжээний 80 хувийг жижиг, дунд бизнесийн салбарт зарцуулахаар батлаад байна.

Энэ удаагийн санхүүжилтийн материалыг энэ оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Даваа гаригийн 10:30 минутаас эхлэн хүлээн авна. Санхүүжилтийг олгохдоо түрүүлж хүсэлт гаргасан этгээдэд эхний ээлжинд олгох дарааллыг баримтлах аж. Өмнөх CARES Act хуулийн хүрээнд хүсэлтээ гаргасан, одоо хүлээлгийн жагсаалтад байгаа этгээдэд энэ удаагийн санхүүжилтийг нэн түрүүнд олгох аж.

Санхүүжилтийн хөтөлбөр нь дараах дэд хөтөлбөрүүдээс бүрдэх бөгөөд тус бүрдээ тодорхой зорилготой байна. Үүнд:

1.    Paycheck Protection Program Loan Information буюу санхүүжилтийн нөхөн олговрын хөтөлбөр

Уг хөтөлбөр нь жижиг, дунд бизнес (ЖДҮ) эрхлэгчдийн ажлын байрыг хамгаалсан хөтөлбөр бөгөөд ажилчдаа халахгүйгээр үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг олгох юм.

ЖДБ-үүд өөрсдийн ажилчиддаа 8 долоо хоногийн турш цалин олгосон, үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэрийг цалин, түрээс, моргэйжийн зээлийн хүү, болон ашиглалтын зардалд зарцуулсан тохиолдолд зээлийн төлбөрөөс чөлөөлөхөөр зохицуулсан байна.

ЖДБ-үүд өөрсдийн харилцдаг SBA 7(a) зээл олгогч эсвэл Federally insured depository institution, Federally insured credit union, and Farm Credit System-р дамжуулан зээл авах боломжтой. Иймээс ЖДБ эрхлэгчид өөрсдийн харилцдаг банк, санхүүгийн байгууллагадаа хандан уг хөтөлбөрт хамрагдах боломжтой эсэхээ лавлах шаардлагатай юм.

Хөтөлбөрт хамрагдах шаардлага

Коронавирус (COVID-19)-д өртсөн дараах аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой. Үүнд:

  • ЖДБ буюу SBA-ийн жижиг бизнес гэсэн ангилал, стандартад нийцсэн этгээд (энэхүү стандарт нь үйл ажиллагааны төрөл, эсхүл тоо хэмжээнд суурилсан стандарт болно).
  • Бүх төрлийн бизнес, 501 (c) (3) ангиллын ашгийн бус байгууллага, 501 (c) (19) ангиллын ахмадын байгууллага, эсвэл уугуул иргэдийн асуудал эрхэлдэг бизнес хамаарна. (Жижиг бизнесийн тухай хуулийн 31 (b) (2) (C)) заасан:
    • 500 буюу түүнээс доош ажилтантай
    • Хэрэв 500-ээс дээш ажилтантай бол ЖДБ-ийн стандартад нийцсэн байх.
  • NAICS код буюу бизнес эрхлэгчийн код нь 72 (Орон сууц, хоол хүнсний үйлчилгээ)-оор эхэлсэн бүх төрлийн бизнес. Тухайн үйл ажиллагаа нь нэгээс олон байршилтай бөгөөд нэг байршилд 500-с ихгүй ажилчидтай байх.
  • Хувиараа бизнес эрхлэгчид зэрэг болно.

Зээлийн дэлгэрэнгүй мэдээлэл, зээл тэглэх нөхцлүүд

ЖДБ эрхлэгч нь үйл ажиллагаа явуулсан эх үүсвэрийг цалингийн зардал, моргейжийн зээл, түрээсийн төлбөр, үйлчилгээний хэрэгсэлд зарцуулсан бөгөөд баримтаар нотолсон тохиолдолд зээлийг бүрэн чөлөөлөх боломжтой байна. (Энэ хүсэлтийг гаргагчдын тоо хэт их байгаа тул нийт санхүүжилтийн багадаа 75 хувийг өр төлбөрт зарцуулсан байх ёстой гэж үзэж байна). Зээлээс чөлөөлөхдөө ажил олгогч нь ажлын байраа хадгалсан, цалингаа бууруулаагүй байх зэрэг тодорхой шаардлагыг тавьж байна. Бүтэн цагийн ажилчдын тоо буурсан эсвэл цалин буурсан тохиолдолд зээлийг чөлөөлөхгүй болно.

Түүнчлэн зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болон баталгаа шаардахгүйгээр зургаан сарын хугацаатай хойшлуулах боломжтой. Засгийн газар, зээлдүүлэгч аль аль нь жижиг бизнесүүдэд ямар нэгэн төлбөр төлөхгүй. Зээл нь 2 жилийн хугацаатай, 1 хувийн хүүтэй бөгөөд хэрэв өргөдөл гаргах бол зээлдэгчийн өргөдлийн маягтыг татан авч, урьдчилан танилцах боломжтой байна. Зээлийн анкетыг энд дарж үзнэ үү.

АНУ-ын хэмжээнд өргөдөл гаргасан аж ахуйн нэгж, иргэдийн жагсаалтыг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны байдлаар гаргасан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

2.    Economic Injury Disaster Loan Emergency Advance

АНУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй жижиг бизнес эрхлэгчид 10,000 ам.доллар хүртэл урьдчилгаа зээл хүссэн өргөдөл гаргах боломжтой. Энэхүү урьдчилгаа нь түр зуурын орлого алдаж байгаа бизнес эрхлэгчдэд эдийн засгийн тусламж үзүүлэх явдал болно. Энэ зээлийн урьдчилгаа төлбөрийг эргүүлэн төлөх шаардлагагүй байна. Иймээс тусламж гэж үзэх боломжтой юм.

Уг зээл нь одоогийн байдлаар шинэ материал хүлээн авахгүй, хаагдсан байх  бөгөөд цаашид нөхцөл байдал өөрчлөгдвөл дэлгэрэнгүй мэдэээллийг энд дарж харна уу.

3.    SBA Express Bridge Loans

SBA Express Lender буюу түргэвчилсэн зээл олголтын хөтөлбөр нь өмнө нь ЖДБ эрхлэгчдийн сантай харилцаж байсан ЖДБ эрхлэгчдэд 25,000 ам.доллар хүртэлх санхүүжилтийг хурдавчилсан нөхцөлтэйгөөр олгох хөтөлбөр юм. Энэхүү зээл нь түр хугацааны орлогын алдагдлыг  даван туулах, санхүүжилтийн дутагдлыг арилгахад зориулагдсан.

Зээлийн нөхцөл:

  • 25,000 ам.доллар хүртэл
  • Шуурхай
  • EIDL төрлийн зээлийн орлогоос бүрэн буюу хэсэгчлэн төлөгдөх боломжтой зэрэг болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

4.    SBA Debt Relief

ЖДБ эрхлэгчдийн өрийг хойшлуулах үйл ажиллагаа:

  • ЖДБ нь одоо байгаа 7 (а), 504, микро зээлийн үндсэн төлбөр, хүү, шимтгэлийг зургаан сарын хугацаанд автоматаар төлнө.
  • ЖДБ нь 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө шинээр олгосон 7 (a), 504, микро зээлийн үндсэн төлбөр, хүү, шимтгэлийг автоматаар төлнө.

Мөн зээл нь 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө тогтмол төлөгдөж байсан бол 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал автоматаар хойшлогдоно. Энэхүү зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан нь хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд зөвхөн хугацаа хойшлуулж байгаа гэдгийг анхаарах нь зүйтэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу

 

Зээлийн төрлүүдийн талаар нэмэлт мэдээлэл

ЖДБ эрхлэгчдэд дараах төрлийн зээлүүдийг санал болгодог. Зээлийн талаар эсвэл зээлдүүлэгчтэй хэрхэн холбогдох талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж үзнэ үү.

  • 7 (a) хөтөлбөр нь 5,000,000 ам.доллар хүртэлх зээлийг АНУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг жижиг бизнесүүдэд зээл олгох эрх бүхий байгууллагаар дамжуулан олгодог зээлийн хөтөлбөр юм. Дараах төрлийн үйл ажиллагаанд зориулж зээл хүсэх боломжтой: 1) эргэлтийн хөрөнгө бий болгох 2) өргөтгөл /засвар 3) шинээр барилга барих 4) газар, барилга байгууламж худалдаж авах, тоног төхөөрөмж, эд анги худалдаж авах 5) түрээсийн байрны засвар 6) өрийг дахин санхүүжүүлэх, улирлын чанартай зээлийн эргэн төлөлт хийх, бараа материал худалдан авах эсвэл бизнесээ шинээр эхлүүлэх зэрэг олон төрөлтэй.
  • Экспресс зээлийн хөтөлбөр нь 350,000 доллар хүртэлх зээлийг 7 жилээс дээшгүй хугацаагаар олгодог. Зээлийн өргөдлийг 36 цагийн дотор зөвшөөрөх эсвэл татгалзах шийдвэрийг гаргадаг. Зээлийн ашиглалт нь стандарт 7 (а) зээлийн нөхцөлтэй адил.
  • Community Advantage зээлийн туршилтын хөтөлбөр нь нийгмийн эмзэг хэсгийн жижиг бизнесүүдэд олгодог зээлийн хөтөлбөр юм. Зээлийн дээд хэмжээ нь 250,000 ам.доллар. Зээлийн ашиглалт нь стандарт 7 (а) зээлийн нөхцөлтэй адил байна.
  • 504 зээлийн хөтөлбөр нь эдийн засгийн хөгжил, ажлын байрыг бий болгох, эсвэл хадгалах боломжийг дэмжих зорилготой.
  • Микро зээлийн хөтөлбөр нь ашгийн бус зээлийн байгууллагуудаар дамжуулж зах зээлд зээл олгодог. Зээлийн зарцуулалтад эргэлтийн хөрөнгө, бараа материал татах, машин тоног төхөөрөмж, эд хогшил (үүнд үл хөдлөх хөрөнгө орохгүй) орно. Зээлийн хамгийн дээд хэмжээ нь 50,000 ам.доллар бол дундаж хэмжээ нь 14,000 ам.доллар байдаг байна.

  

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

  

АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

 МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us