ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №49

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №49

2020.06.28

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

Өнөөдөр буюу 2020.06.28-нд Монгол Улсын хэмжээнд 2136 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Мөн 7 хүн нэмж тусгаарлалтад орсон бол 3 хүн ажиглалтаас гарчээ.

2020.06.27-нд ХӨСҮТ-ийн төв лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийсэн нийт 308 хүний шинжилгээнээс коронавирусын халдвар илрээгүй байна. Мөн Сидней-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор ирсэн 262, гадуур ажиглах байранд байгаа есөн хүн, ХӨСҮТ-д ажиглалтад байгаа 3 хүнээс коронавирусын халдвар илрээгүй байна. Түүнчлэн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг 34 хүнээс мөн коронавирус илрээгүй.

Иймд 2020.06.28-ны байдлаар улсын хэмжээнд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 219 тохиолдол бүртгэгдснээс 175 хүн эдгэж тусгаарлалтаас гарсан бол ХӨСҮТ-д коронавирусын халдвартай 44 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж буй 44 хүнээс 9 хүнийн биеийн байдал хүндэвтэр байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс /2020.06.27/ хариу арга хэмжээний найман баг 111 удаа агаарын хөлөг, 31 галт тэрэг, 300 орчим тусгаарлах байранд эцсийн халдваргүйжүүлэлтийг хийсэн байна.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэрээр хилийн чанадад зорчих хөдөлгөөнийг 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс зогсоож, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан автозамын боомт, тусгай үүргийн нислэгээр дэлхийн 34 улсаас 11,313 иргэнээ татан аваад байна.

Энэ хугацаанд АНУ-аас нутаг буцах хүсэлтээ Вашингтон дахь Элчин сайдын яам (ЭСЯ), Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газар (БТГ), Сан Франциско  дахь  Ерөнхий консулын газар (ЕКГ)-т тус тус илэрхийлсэн 606 иргэн эх орондоо буцаад байна. Тухайлбал, энэ сарын 23-ны өдөр МИАТ компанийн Монгол Улс, АНУ-ын хооронд үйлдсэн ОМ7802 аяллын дугаартай анхны шууд нислэгээр  АНУ-д саатсан 255   иргэн эх орондоо буцав. Уг агаарын хөлгөөр  өндөр настан 72, жирэмсэн-3, бага насны хүүхэдтэй гэр бүл-44, өвчтэй-16, оюутан-65, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 54 иргэн зорчив.

Энэ оны 6 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Вашингтон дахь ЭСЯ-нд 1543, Нью-Йорк дахь БТГ-т -165, Сан Франциско  дахь  ЕКГ-т 1042, нийт 2650 иргэн АНУ-аас нутаг буцах өргөдлөө ирүүлээд байна. ДТГ-аас нутаг буцах өргөдөл гаргасан иргэдийн хүсэлтийг УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэгт тухай бүр хүргүүлэн ажиллаж байна.

2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улсын Онцгой Комисс хуралдаж дараах нислэгийг үйлдэж,  гадаад улсаас иргэдээ татан авахаар төлөвлөж буй тухай мэдээлсэн. Үүнд:

  • 7 дугаар сарын 02-ны өдөр Сөүл,
  • 7 дугаар сарын 04-ний өдөр Япон,
  • 7 дугаар сарын 07-ны өдөр Сөүл,
  • 7 дугаар сарын 09-ний өдөр Истанбул,
  • 7 сарын 15-ны өдөр Сөүл (транзит) чиглэлд тус бүр тусгай үүргийн нислэг үйлдэнэ.

УОК-оос тусгай үүргийн нислэгээр явах иргэдийг дараах 5 шаардлагын дагуу сонгож байгаа. Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
  • Жирэмсэн
  • Бага насны /14 хүртэлх настай/
  • Хөгжлийн бэрхшээлтэй
  • Өндөр настан /60-аас дээш настай/ зэрэг болно.

Иймд манай ДТГ-аас хүргүүлсэн  хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өргөдөл, нотлох баримтыг УОК-ын Шуурхай штаб дээр хүлээн авч, ЗГХЭГ, ГХЯ, ЭМЯ,ТЕГ, ЦЕГ,  МХЕГ, Миат ТӨХК-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хянан үзээд тусгай үүргийн онгоцонд суух иргэдийн нэрсийг  баталгаажуулж байгаа болно.

 

АНУ-д

Цаг үеийн мэдээлэл:

2020.06.28-ны өдрийн байдлаар АНУ-ын нийт муж коронавирусын халдварын тархалтыг бууруулахтай холбоотой хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулж, дийлэнх мужууд “Opening Up America Again” зааварчилгааны хүрээнд “Phase II” шатлал руу ороод байна.

Нөгөөтэйгүүр, дээрхийн улмаас АНУ-ын мужууд дахь коронавирусын халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгааг суугаа орны хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулсаар байна. Тухайлбал, Техас, Флорида, Жоржиа, Айдахо, Теннесси, Юта мужид халдварын тоо эрс нэмэгджээ.

Улмаар зарим муж, тухайлбал, Аризона, Арканзас, Делавэйр, Айдахо, Лүизиана, Мэйн, Невада, Нью Мексико, Хойд Каролин муж “Opening Up America Again” зааварчилгаанд дурдагдсан шатлал бүхий арга хэмжээг авахаа түр азнах хандлагатай байна.

Тоо, статистик:

2020.06.28-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 2 сая 577 мянга гаруй коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 750 мянга гаруй хүн эдгэрч, 127 мянган хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу. Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн мэдээлж байгаагаар АНУ-д нийт 30 орчим сая хүнийг коронавирусын халдварын оношлогоонд хамруулжээ.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 138 орчим мянган халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Нийслэл Вашингтон хот орчмын бүс нутаг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн “Opening Up America Again” зааварчилгааны хүрээнд “Phase II” шатлал руу шилжсэн.

Зөвлөмж:

Шуурхай ажлын хэсгийн гишүүн, Харшил, халдвар судлалын үндэсний хүрээлэнгийн дарга Др. А.Фаучи олон нийтэд хандаж хэлэхдээ иргэдийг олон нийтийн газар, хүн төвлөрсөн газар, арга хэмжээнд очих, оролцохоос аль болох зайлсхийж, нүүр, амны маск, хамгаалалт хэрэглэх зэрэг өөрийгөө хамгаалах наад захын арга хэмжээг ягштал ач, хэрэгжүүлэхийг зөвлөсөөр байна.

Иймд монгол иргэд амьдарч буй тухайн муж, орон нутгийн захиргааны мэдээ, мэдээллийг тогтмол ажиглаж, АНУ-ын нэлээдгүй мужид халдварын дэгдэлт эргэн нэмэгдэж байгааг анхаарч, Шуурхай ажлын хэсгээс өгч ирсэн зөвлөмжүүдийг чандлан сахиж, эрүүл мэнддээ анхаарахыг уриалж байна.

АНУ-ын Халдварт өвчин судлал, хяналтын төв (CDC)-өөс өгч буй анхааруулга, зөвлөмж, зааварчилгааг дараах холбоосоос авна уу. Үүнд:

– Аялалтай холбоотой зөвлөмжийг эндээс,

– Коронавирусын халдвар авсан хүнд илэрч буй зарим шинэ шинж тэмдгүүийн тухай мэдээллийг эндээс,

– Гэр, албан байгууллага, олон нийтийн газрыг хэрхэн ариутгах, цэвэрлэх тухай зааварчилгаа, зөвлөмжийг эндээс авна уу.

– Түүнчлэн Мужийн эрүүл мэндийн байгууллагуудын цахим хуудас руу орж, нөхцөл байдалтай танилцаж болгоомжтой байхыг анхааруулж байна.

Жич: АНУ, Мексикийн Нэгдсэн Улсад коронавирусын халдвар авсан иргэд байвал энэ талаар ЭСЯ-нд мэдээлэл ирүүлэхийг хүсье. ЭСЯ мэдээллийн нууцыг хадгалах бөгөөд зөвхөн тусламж үзүүлэх зорилгоор мэдээлэл хүлээн авах болно.

  

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах бусад боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү 

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

 

АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

  

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us