ЧИКАГОГИЙН МОНГОЛЧУУДЫН БИЗНЕС ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА

Чикагогийн Монголчуудын Бизнес зөвлөлийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа 2022 оны 10 дугаар сарын 2-ны өдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, Чикаго хотод суугаа Консул Т.Батцэцэг, Чикагогын Монголчуудын Бизнес зөвлөлийн Ерөнхийлөгч Б.Энхбат, Удирдах зөвлөлийн гишүүд, тус зөвлөлд нэгдсэн Чикаго хот орчимд бизнес эрхэлж буй монголчуудын төлөөлөл болон Чикаго дахь Олон улсын хөтөлбөрийн зөвлөл, “Нээлттэй дэлхий” хөтөлбөр, Польш – Америкийн Бизнес зөвлөл, “Клеар корп”, “MTC” компаний удирдлагууд зэрэг нийт 100 орчим хүн оролцлоо.Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайд Ө.Батбаярын санаачилгаар Америкад бизнес эрхлэгч монгол иргэдийн дугуй ширээний уулзалтыг анх 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр АНУ-ын Сан-Франциско, Лос-Анжелес, Чикаго, Вашингтон хотын бизнес төлөөллүүдийн дунд зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөх, бизнесийн сүлжээг өргөжүүлэх, дэмжих зорилго бүхий Бизнес зөвлөлүүдийг томоохон хотуудад байгуулах, улмаар Хойд Америк дахь Бизнес эрхлэгч Монголчуудын зөвлөлийг үүсгэн байгуулахаар шийдвэрлэсэн билээ.Үүний эхлэл Чикагогийн Монголчуудын Бизнес зөвлөлд тус хот орчимд үйл ажиллагаагаа явуулж буй монголын нийт 70 орчим компани, аж ахуйн нэгжүүд одоогоор нэгдээд байгаа бөгөөд цаашид АНУ-ын Сан-Франциско, Лос-Анжелес, Сиэтл, Денвер хотууд болон Вашингтон хот орчмын бүс нутагт ийм жишгээр бизнес зөвлөлүүдийг байгуулахаар зорилт тавин ажиллаж байна. Бизнес Зөвлөл нь өөрийн гишүүд болон бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа, зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, бизнесийн хэлхээ холбоогоо тэлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нийтлэг эрх ашиг, сонирхлыг төлөөлөх, жижиг дунд стартап бизнесүүдийг хөхиүлэн дэмжих зорилготой юм.Бизнес зөвлөлийн нээлтийн үеэр Элчин сайд Ө.Батбаяр Чикаго хот орчимд ажиллаж, амьдарч буй монголчууд нэгэн зорилгын төлөө нэгдэж, бизнесийн ертөнцөд хамтран зүтгэх, харилцан ойлголцож, туршлага мэдлэгээ солилцох, бизнесээ өргөжүүлэх энэхүү санаачилгыг дэмжиж, түүчээлэн эхлүүлсэнд Чикагогийн Монголчуудын Бизнес зөвлөлд баяр хүргээд, Элчин сайдын яамнаас цаашид бүхий л бололцоогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ.АНУ-ын дээр дурдсан хотууд болон бусад газруудад бизнес эрхлэгч монголчууд Та бүгдийг энэхүү үйл ажиллагаанд нэгдэхийг уриалж байна. Энэ талаар мэдээлэлтэй танилцах, хүсэлт гаргах бол Та АНУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны monconsul@mongolianembassy.us имэйл хаягаар холбогдоно уу.