АНУ-ЫН “UNITED AIRLINES” КОМПАНИЙН АНХНЫ НИСЛЭГИЙН ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА “ЧИНГИС ХААН” ОУНБ-Д БОЛОВ

“Чингис хаан” олон улсын нисэх буудал “United Airlines” компанийн агаарын хөлгийг усан хөшиг татаж ёслол төгөлдөр угтсан ба анхны нислэгийг тохиолдуулан 2025 оны тавдугаар сарын 2-ны өглөө “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ёслолын арга хэмжээ зохион байгуулав. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр, “United Airlines” компанийн олон улсын зохицуулалт, бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч Стив Морисси зэрэг зочид, төлөөлөгчид оролцож, үг хэллээ. Ийнхүү амжилттай эхэлж буй нислэг нь Монгол, Америкийн хооронд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, соёл, иргэд солилцоо зэрэг олон салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлээд зогсохгүй цаашид хоёр улсын хооронд тээврийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байна.

Like us

Follow us