АНУ-ын хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээлэл
АНУ-ын хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээлэл
АНУ-ын Засаг захиргаанаас Covid-19 цар тахалын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, эдийн засгийг дэмжихэд зориулан 2 их наяд ам.долларын санхүүжилт гаргахаар шийдвэрлэж, АНУ-ын татвар төлөгчдөд мөнгөн тэтгэмж олгохоор болсонтой холбогдуулан иргэдээс асууж буй нийтлэг асуултууд, тэдгээрийн хариултыг үүгээр хүргэж байна.
Тэтгэмжийн талаарх албан ёсны мэдээллийг хаанаас олж үзэх вэ?
АНУ-ын Татварын газрын цахим хуудаст дэлгэрэнгүй мэдээлэл гарсныг энэхүү хаягаар орж танилцана уу.
Тэтгэмжийг зөвхөн АНУ-ын иргэн авах уу? Монгол Улсын иргэд хамрагдах боломжтой юу?
АНУ-ын Татварын газрын цахим хуудаст тэтгэмжийг 2019 эсвэл 2018 оны татвараа бодуулсан татвар төлөгч авна гэж дурдсан. Харин АНУ-ын иргэншилтэй байх шаардлагын талаар дурдаагүй.
Тэтгэмжийг хэн авах вэ?
2019 эсвэл 2018 оны татвараа бодуулсан татвар төлөгч тэтгэмж авна. Тухайлбал, хувь хүн жилийн $75,000 хүртэлх орлоготойгоо мэдүүлж татвараа төлсөн бол $1,200; гэр бүл жилийн $150,000 хүртэл орлоготойгоо мэдүүлж татвараа төлсөн бол $2,400-ын тэтгэмж авах юм байна. АНУ-ын нийгмийн даатгалын дугаартай, татвар бодуулахдаа өөрийн асрамжинд байдаг хэмээн мэдүүлсэн зэрэг шаардлагыг хангаж буй хүүхэд тус бүрд мөн $500-ын тэтгэмж олгох аж.
Тэтгэмж авах өргөдөл гаргах шаардлагатай юу?
Тэтгэмжийг авахад ямар нэг өргөдлийн маягт бөглөх, захидал бичих, хүсэлтээ гаргах шаардлагагүй. Тэтгэмж авах шаардлагуудыг хангаж буй татвар төлөгчдийн банкны дансанд АНУ-ын Татварын газраас тэтгэмжийн мөнгийг шууд шилжүүлнэ.
Татварын газар миний банкны мэдээлэл байхгүй / Би татвараа бодуулснаас хойш банкаа сольсон бол яах вэ?
Банкны мэдээлэл нь АНУ-ын Татварын газарт байхгүй, эсхүл өмнө мэдүүлж байсан дансаа сольсон иргэд банкны мэдээллээ оруулах/шинэчлэх онлайн порталыг АНУ-ын Сангийн яамнаас ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.
Тэтгэмжийг хэзээ авах вэ?
АНУ-ын Татварын газрын цахим хуудаст мэдээлснээр татвар төлөлгчдөд тэтгэмжийг ойрын 3 долоо хоногийн хугацаанд хүргэж эхэлнэ.
Тэтгэмжийг хэдэн удаа авах вэ?
Нэг л удаа авна.
Би татвараа бодуулж амжаагүй байгаа. Тэтгэмжийг хэзээ хүртэл олгох юм бол?
АНУ-ын татварын алба татвар бодуулах хугацааг 7 сарын 15 хүртэл сунгасан. Тэтгэмж авах боломж нь татвар төлөгчдөд 2020 оныг дуустал нээлттэй байх болно.
Тэтгэмжийн талаар цахим орчинд олон янзын мэдээлэл гарч байна. Зарим нь өөрийн хувийн мэдээллээ оруул гэх юм. Алинд нь итгэх вэ?
Covid-19-тэй холбоотойгоор цахим халдлага хийх, хуурамч утасны дуудлага, цахим шуудангаар иргэдийн хувийн мэдээллийг асуух тохиолдол олширч буй тул тэдгээрээс болгоомжлох хэрэгтэй талаар АНУ-ын Татварын газар анхааруулсныг энэхүү холбоосоор үзнэ үү.
Татвар болон тэтгэмжийн асуудлаар шинэ мэдээллийг АНУ-ын Татварын газар цахим хуудсаараа түгээнэ. Түүнчлэн Татварын газрын нийгмийн сүлжээний хаягуудаар мөн албан мэдээллээ гаргаж байгаа тул дараах цахим хуудсаар дамжин Татварын газрын нийгмийн сүлжээний албан ёсны хаягуудыг энэхүү холбоосоор дагахыг зөвлөж байна.