Ambassador

Print Friendly, PDF & Email

ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Элчин сайдын яамны цахим хуудсанд зочилж буй Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Элчин сайдын үүрэгт ажилдаа ороод байна.

Ардчилал, хүний эрхийг дээдлэх нийтлэг ашиг сонирхолд тулгуурласан Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт амжилттай хөгжиж байна.

Элчин сайдын хувьд миний бие Монгол Улсын Стратегийн түнш, “гуравдагч хөрш” АНУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллах болно. Тухайлбал, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх, хоёр улсын хооронд шууд нислэгтэй болгох бэлтгэл ажлыг үргэлжлүүлэх зэрэгт онцгойлон анхаарч ажиллана.

АНУ-д ажиллаж, суралцаж амьдран суугаа монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, монгол иргэдийн үүсгэл санаачилгын байгууллага, холбоодын үйл ажиллагааг дэмжиж, Та бүхэнтэй хамтран ажиллах нь мөн тэргүүлэх чиглэл байх болно.

Түүнчлэн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цахим халдлагаас сэргийлэх, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх зэрэг манай хоёр улсын өмнө тулгарч буй нийтлэг сорилтуудтай тэмцэхэд гүүр болон ажиллахын зэрэгцээ иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулах, харилцан солилцоог нэмэгдүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг урагшлуулахад ЭСЯ-ны хамт олон идэвхийлэн ажиллах болно.

Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Ө.БАТБАЯР

2021.11.08

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us