Төрсний гэрчилгээ авах

birth certificate sapmle

Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-т “Гадаадад оршин суугаа Монгол Улсын харъяат иргэнээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгэнэ” гэж заасны дагуу 30 хоногийн дотор шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлнэ үү.

Хэрэв 30 хоногоос хэтэрсэн тохиолдолд УБЕГ-аас “Төрөлт бүртгэл гараагүй тухай” лавлагаа авч бүрдүүлсэн материалдаа хавсаргахыг анхаарна уу. Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийг хуульд заасан 30 хоногийн хугацаанд төрсний бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг хавсаргана.

Монгол Улсын иргэн эцэг, эх болон холимог гэр бүлээс төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авахад дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай.

Бүрдүүлэх материал:

1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлгийн маягт бөглөх, Маягт татаж авах;

2. Хүүхэд төрсөн тухай эмнэлэгийн магадлагаа эсхүл хүүхэд эрүүл саруул бойжиж буй болон вакцинд цаг тухай бүрт хамрагдаж буй” эмнэлгийн магадалгаа, тодорхойлолт;

3. Эцэг, эхийн цахим иргэний үнэмлэхний хуулбар, гадаадын иргэн бол паспортын хуулбар; /Иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан иргэд заавал өөрийн биеэр ирж иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах шаардлагатай/

4. Эцэг, эхийн ЭСЯ-ны нэр дээр гаргасан өргөдөл, /Шинээр төрсөн хүүхдийн эцэг тогтоох, хүүхдийг эцэг, эхийн аль нэгнээр овоглоход эцэг, эхийн гэр бүлийн байдлыг тодорхойлох шаардлагатай болдог. Хэрэв гадаадын иргэн бол өөрийн хэл дээр болон монгол хэл дээр хүсэлт гаргана./

Та өөрт тохирох өргөдлийн загварыг татаж авна уу/;

5. Эцэг, эхийн Монгол Улсын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар;

Үйлчилгээний хураамж 10 ам.доллар. /Картаар болон money order-р төлөх боломжтой/

Жич: Гадаадад төрсөн хүүхдэд тухайн улсаас олгосон төрсөн тухай эмнэлгийн бичиг, гэрчилгээнд бичигдсэн төрүүлсэн эх, эцгийн нэр, иргэншил зөрүүтэй тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3 дахь заалтыг баримтлан улсын бүртгэл хийхгүй болно. Энэ асуудлаар civil_reg@burtgel.gov.mn хаягаар тодруулах боломжтой.

Мөн эцэг эхийн аль нэг гадаад улсын иргэн бол хүүхэд төрснөөс хойш 20 хоногийн дотор материалаа бүрдүүлэн урьдчилан ирүүлэх шаардлагатай. /ИУБГ-аас бүртгэлийн дугаар авч баталгаажуулдаг болно./

Эцэг эх хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авахдаа дээрхи материалыг бүрдүүлэн заавал өөрсдийн биеэр хүрэлцэн ирэх шаардлагатай. (Төрсний бүртгэлийн маягтад гарын үсэг зурах болохыг анхаарна уу). Сан-Франциско хот дахь ЕКГ /https://sanfrancisco.consul.mn/, Чикаго хот дахь ЕКГ https://consulate.vercel.app/ болон Нью-Йорк хот дахь Байнгын төлөөлөгчийн газарт бүртгүүлэх боломжтой.

ЭСЯ-ны Консулын хэлтсээс хүүхдэд төрсний гэрчилгээ олгож, бүртгэлийн ХААТР–11 маягтыг УБЕГ-ын бүртгэлийн системд оруулж, ИУБГ-ын хяналтын байцаагч хянаснаар төрсний бүртгэл албан ёсоор баталгаажна.

Хэрэв төрсний бүртгэлийг оффлайн системээр бүртгэх тохиолдолд ХААТР-11 маягтын эх хувийг УБЕГ-т шуудангаар хүргүүлж, ИУБГ-ын хяналтын байцаагч хянаснаар төрсний бүртгэл албан ёсоор баталгаажна. Энэ тохиолдолд бүртгэл 1-1,5 сарын хугацаанд УБЕГ-ын системд орж, албан ёсоор баталгааждаг болохыг анхаарна уу.

Like us

Follow us