УРИАЛГА

Эрхэм хүндэт монгол ахан дүүс ээ !

Хойд Америкийн Монголчуудын Анхдугаар Хуралдай АНУ-ын Колорадо мужийн Денвер хотноо 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр амжилттай болж өнгөрсөн билээ. Энэхүү хуралдайг Колорадагийн монголчуудын холбоо сэдэж, зохион байгуулан Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х. Бэхбат болон монгол иргэд, Америкийн 10 гаруй мужийн засаг захиргаа, бизнес, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, хувь хүмүүс оролцлоо.

Энэ арга хэмжээнд АНУ-д үйл ажиллагаагаа явуулж буй монголчуудын холбоод, сургуулиуд, клубууд, олон нийтийн болон бизнесийн байгууллагуудын төлөөлөгчид хүрэлцэн ирж, өөрсдийн явуулж буй үйл ажиллагаа хийгээд тулгамдаж буй асуудлууд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо хуваалцаж, илэн далангүй ярилцсан юм.

Хуралдайд оролцсон монгол иргэдийн зүгээс АНУ-д аж төрж, амьдран суугаа нийт монгол иргэддээ хандан “Уриалга” гаргахаар тохиролцож, дараах уриалгыг гаргасныг Та бүхэндээ үүгээр хүргүүлж байна. Хүлээн авч танилцана уу. Үүнд:

“АНУ-д суурьшин үйл ажиллагаа явуулж буй нийт монголчуудын холбоод, сургуулиуд, клубууд, олон нийтийн болон бизнесийн байгууллагууд байнгын холбоотой байж, бие биедээ дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллахыг уриалж байна”

Элэг нэгт монголчуудынхаа сайн сайхны төлөө хамтран зүтгэцгээе!

Сайн үйлс дэлгэрч, монгол түмний маань буян заяа тэгширэх болтугай!


Хойд Америкийн Монголчуудын Анхдугаар Хуралдайн төлөөлөгчид


2009 оны 12 дугаар сар 14-ний өдөр

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us