Монгол-АНУ-ын Батлан хамгаалах салбарын зөвлөлдөх уулзалт болов

Монгол-АНУ-ын Батлан хамгаалах салбарын 8 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт 6 дугаар сарын 8,9-ний өдрүүдэд Вашингтон хотноо амжилттай явагдаж өндөрлөлөө.

Уулзалтанд Монголын талаас Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал М.Борбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэд дарга Бригадын генерал Б.Баярмагнай, ЭСЯ-ны элчин зөвлөх Д.Даваасүрэн болон БХЯ, ЗХЖШ-ын зарим газар хэлтсийн дарга нар, АНУ-ын талаас БХЯ-ны Ази, Номхон далайн аюулгүй байдлын хэрэг эрхлэх Зүүн Азийн асуудал хариуцсан ерөнхий захирал Дэрэк Митчелл, Монгол, Хятад, Хонг Конг хариуцсан газрын дарга хатагтай Сузан Росс, БХЯ-ны аюулгүй байдал хамтын ажиллагааны хэлтсийн дарга хатагтай Карен Гарвэе, Монгол, Солонгосыг хариуцсан газрын дарга хурандаа Жим Бакман нар болон АНУ-ын БХЯ, Нэгдсэн штаб, Номхон далайн командлал, Аласкийн үндэсний гварди зэрэг газруудаас албаны бусад хүмүүс оролцов.

Уулзалтаар 2 тал бүс нутгийн аюулгүй байдал, Монгол Улсын батлан хамгаалах бодлого, НҮБ-ын энхийг сахиулах болон бусад хүмүүнлэгийн ажиллагаануудад оролцох хэтийн зорилт, Батлан хамгаалах салбарын шинэчлэлийн хөтөлбөр /БХШХ/-ийн хэрэгжилт зэрэг асуудлуудыг хэлэлцэж, БХШХ-ийн ажлын хэсгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хэлэлцэн баталж, хамтын ажиллагааны шинэ зорилтуудыг тодорхойлон, цэрэг техникийн тусламжийн хэрэгжилтийн явцын талаар нухацтай ярилцан тодорхой тохиролцоонд хүрлээ.

АНУ-ын батлан хамгаалах яамнаас санаачилан хэрэгжүүлж байгаа хөгжиж байгаа орнуудын Батлан хамгаалах институцыг хөгжүүлэх хөтөлбөрт албан ёсоор хамрагдан, хамтран ажиллах шийдвэр гаргасан нь энэ жилийн уулзалтын онцлог гэж болохоор байна.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us