ЭЛЧИН САЙД Б.АЛТАНГЭРЭЛ ИНДИАНАГИЙН ИХ СУРГУУЛЬД ЗОЧЛОВ

Susan Drost (from left), David Zaret, Bulgaa Altangerel, Michael McRobbie, Munkhjargal Byamba and Jamsheed K. Choksy.

Элчин сайд Б.Алтангэрэл 2014 оны 2 дугаар сарын 24-нд Индиана мужийн Блүүмингтон хот дахь Индианагийн Их Сургуульд ажиллаж тус сургуулийн Ерөнхийлөгч Майкл МакРоби, дэд ерөнхийлөгч Дэвид Зарет, Төв Евр-Ази судлалын тэнхимын эрхлэгч Жамшид Чогси, Шинжлэх ухаан, урлагийн сургуулийн захирал Ларри Сингел нартай уулзав.

Уулзалтаар Индианагийн Их Сургуулийн монгол судлалыг дэмжиж ирсэн туршлага, уламжлалт харилцааг хадгалахын зэрэгцээ тус сургуулийн материаллаг баз суурийг түшиглэн МУИС, ШУА хоорондын харилцаа хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх талаар ярилцлаа. Индианагийн Их Сургууль нь Монгол хэл, судлалын чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох бүрэн хэмжээний хөтөлбөртэй АНУ дахь цорын ганц сургууль юм. Энэ сургууль монгол хэл, судлалын чиглэлээр 1961 оноос хойш тасралтгүй 53 жил ажиллаж ирсэн баялаг туршлагатай юм.

Мөн өдөр элчин сайд Индианагийн Их Сургууль дээр “Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжил, Өнгөрсөн ба өнөө” гэсэн сэдвээр лекц уншлаа. Энэхүү лекцэнд тус сургуулийн эрдэмтэн судлаач, монгол хэл сонирхон сурч буй оюутнууд оролцов. Түүнчлэн элчин сайд Индианагийн Их Сургуулийн Монгол хэлний ангийн багш, оюутнууд, Блүүмингтон хотод амьдарч буй Монголчуудтай чөлөөт уулзалт, яриа хийж тэдний сонирхсон асуултад хариулав.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us