COVID-19 КОРОНАВИРУСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар АНУ-д коронавирусын халдвар авсан 60 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC)-өөс шинэ төрлийн коронавирусын халдвар авсан шинж тэмдэг болох халуурах, ханиах, амьсгалын дутагдалд орох зэрэг шинж тэмдэг илэрвэл юуны өмнө өрхийн эмчдээ хандахыг зөвлөж байна. Өрхийн эмч тухайн өвчтөнийг гэрээр эмчлэх боломжтой эсэхийг, тухайлбал тусгаарлах өрөө, халамж тавих хүн, хоол хүнсний нөөц, гэр бүлд нь 65-аас дээш насны иргэн байгаа зэргийг тодруулж, гэрээр эмчлэх эсэхийг шийдэх аж.

 COVID-19 вирусын халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дор дурдсан арга хэмжээ авахыг АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC) -өөс зөвлөж  байна. Үүнд:

  • Эмчид үзүүлэхээс өмнө эрүүл мэндийн ажилтантай утсаар холбогдож өөрт илэрч буй шинж тэмдгийн талаар үнэн зөв мэдээлэл өгч, зөвлөлгөө авах
  • Эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд гэртээ байх, олон нийтийн газар явахгүй байх
  • Гэр бүлийн гишүүд болон амьтнаас өөрийгөө тусгаарлах
  • Бусдыг хамгаалахын тулд маск зүүх
  • Найтаах, ханиах үедээ ам, хамраа таглах
  • Гараа ойр ойрхон 20 секундын турш угаах
  • Аяга таваг, алчуур, цагаан хэрэглэл зэрэг ахуйн хэрэглээний зүйлсийг дундаа хэрэглэхгүй байх
  • Эмчийн зааврын дагуу өвчнөө хянах
  • Гагцхүү эмчийн заавраар тусгаарлалтаа зогсоох

АНУ-д оршин суугаа иргэд АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC)-өөс гаргаж буй мэдээлэл, зөвлөмжтэй https://www.cdc.gov/coronavirus/2019-nCoV/summary.html цахим хаягаар тогтмол танилцаж, халдварын тархалтаас өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалахыг уриалж байна.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2020-02-28

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us