ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ нь АНУ-ын Азийн хүрээлэнтэй хамтран Mongolian – U.S. National Civic Engagement Program (MUNCEP) хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо дуулгахад таатай байна.

Монгол Улс, АНУ-ын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах ирээдүйн манлайлагчдыг төрүүлэх зорилго бүхий уг хөтөлбөрт оролцогчид Вашингтон ДиСи хотноо АНУ-ын Засаг захиргааны байгууллагуудад 9 долоо хоногийн хугацаанд дадлага хийж, тус улсын Засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн тогтолцоо, үйл ажиллагаатай биечлэн танилцах юм. Хөтөлбөрийн агуулгын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Mongolian – U.S. National Civic Engagement Program — US-Asia Institute (usasiainstitute.org) холбоосоор орж үзнэ үү.

Цаг хугацааны дараалал:

3 дугаар сарын 10: MUNCEP 2022 хөтөлбөрт оролцох хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч дуусна.

3 дугаар сарын 21: MUNCEP 2022 хөтөлбөрт оролцохоор шалгарсан иргэдийг зарлана.

3 дугаар сарын 20 – 5 дугаар сар: АНУ-ын Азийн хүрээлэн оролцогчдыг дадлага хийх байгууллагад хуваарилж, дадлагын удирдагчтай холбож өгнө.

6 дугаар сарын 6-10: Хөтөлбөрийн танилцуулга арга хэмжээ болно.

6 дугаар сарын 13 – 7 дугаар сарын 29: Хүлээн авагч байгууллагад дадлага хийнэ.

8 дугаар сарын 1-5: Дадлага хийсэн байгууллага, АНУ-ын Азийн хүрээлэн, ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзаж, дадлагын үр дүнг тайлагнана. Монгол Улс, АНУ-ын харилцааны талаар ЭСЯ-ны дипломат ажилтнууд мэдээлэл өгнө.

Хөтөлбөрт оролцогчдод тавигдах шаардлага:

  • 18-25 настай
  • Бакалаврын эсхүл магистрын шатны сургалтад сурч буй, эсхүл сургуулиа төгсөөд удаагүй байгаа
  • АНУ-д байнга оршин суугч (ногоон карттай) Монгол Улсын иргэн эсхүл АНУ-ын иргэншилтэй байх
  • Манлайлах ур чадвартай, харилцааны өндөр чадвартай
  • Нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулсан туршлагатай
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй (бичгийн болон аман)
  • Эцэг, эх нь Монгол Улсын иргэн байх

Бүрдүүлэх материал: Хөтөлбөрт оролцогчид 2022 оны 3 дугаар сарын 10-ны дотор дараах баримт бичгийг /англи хэлээр/ бүрдүүлж usasiainstitute@hotmail.com цахим хаягаар илгээнэ үү. Хөтөлбөрийн талаарх аливаа асуултад АНУ-ын Азийн хүрээлэнгийн 757-373-8398 утсаар холбогдон хариулт авах боломжтой.

  • Товч намтар, зурагтай (resume with photo)
  • Хөтөлбөрт оролцох зорилго ба үр нөлөөг тодорхойлсон нэг нүүр зохион бичлэг.  Яагаад хөтөлбөрт оролцохыг хүсч буй болон хөтөлбөрт оролцох нь Таны ирээдүйд хэрхэн нөлөөлөх талаар зохион бичлэгтээ тусгасан байна.
  • Сүүлийн улирлын сурлагын дүнгийн хуулга
  • АНУ-д байнгын оршин суугч эсхүл тус улсын иргэншилтэй болохыг нотолсон баримт бичгийн хуулбар
  • Монгол гаралтайг нотолсон баримт бичгийн хуулбар. Тухайлбал, эцэг эхийн Монгол Улсын иргэний баримт бичгийн хуулбар байж болно.
  • Тодорхойлох захидал

Хөтөлбөрт оролцохтой холбогдох бүхий л зардлыг оролцогч өөрөө хариуцана.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us