Монгол Улсын Их Хурал, Мексикийн Нэгдсэн Улсын Конгресст Парламентын найрамдлын бүлгүүд харилцан байгуулагдсаныг зарлах ёслолын арга хэмжээ болов.

Монгол Улсын Их Хурал, Мексикийн Нэгдсэн Улсын Конгресст Парламентын найрамдлын бүлгүүд харилцан байгуулагдсаныг зарлах ёслолын арга хэмжээ 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр цахимаар болов. Ёслолын арга хэмжээнд монголын талаас УИХ-ын гишүүн, Монгол-Мексикийн парламентын бүлгийн дарга Т.Доржханд, Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсыг хавсран суугаа Элчин сайд Ө.Батбаяр, Монгол-Мексикийн парламентын бүлгийн гишүүн Г.Мөнхцэцэг нар, мексикийн талаас Мексик-Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга Мануэль Гулермо Чапман Морено, гишүүд П.Р.Фернандез, Х.А.Зуньига, М.Г.В.Давила, Х.Х.Зетина, С.К.Кабрера нар оролцов. Мөн монголын талаас УИХТГ, ГХЯ, мексикийн талаас Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Улс төрийн зохицуулах зөвлөл, Удирдах зөвлөл, Гадаад харилцааны хороо, ГХЯ-ны төлөөлөл тус тус байлцав.

Ёслолын арга хэмжээнд мексикийн талаас Мексик-Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга Чапман Морено, монголын талаас УИХ-ын гишүүн, Монгол-Мексикийн Парламентын бүлгийн дарга Т.Доржханд, Элчин сайд Ө.Батбаяр нар тус тус үг хэлэв.

Чапман Морено Монгол Улсын Их Хуралтай хамтын ажиллагааны суурийг тавьж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, хууль тогтоох чиглэлээр харилцан туршлага судлах, мэдээлэл солилцох, улмаар хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа онцлов.

УИХ-ын гишүүн Т.Доржханд хоёр улс 2004 оноос парламентын бүлэг харилцан байгуулж эхэлснийг тэмдэглэж, парламент хоорондын хамтын ажиллагааг чухалчилж үздэгийг онцлон, цаашид хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.

Элчин сайд Ө.Батбаяр энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 47 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг боломжит салбаруудад хөгжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв. Мөн хоёр улсын парламентын дарга нар, гишүүд Парламент хоорондын холбоо, Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган зэрэг олон талт арга хэмжээний үеэр уулзаж, идэвхтэй хамтран ажиллаж ирснийг нотолж, цаашид хоёр улсын парламентын бүлгүүд хооронд харилцан айлчлал хэрэгжүүлэхийг дэмжиж ажиллахаа мэдэгдэв.

Ёслолын арга хэмжээний үеэр Мексикийн Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Мексик-Монголын Парламентын найрамдлын бүлэг байгуулагдсаныг нотлох баримтад бүлгийн дарга, гишүүд гарын үсэг зурав.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us