АНУ-ТАЙ АГААРЫН ТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХЫГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжив. Ийнхүү Монгол Улс, АНУ хооронд шууд нислэгтэй болоход нэг алхам ойртлоо.Хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхлэх хүртэл шат дараатай хийгдэх ажлууд олон байгаа ба эдгээрт төслийг үзэглэх, хэлэлцээрт гарын үсэг зурах, АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас хийгдэх олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны аудит шалгалтуудад хамрагдах, аюулгүй байдлын үнэлгээ хийлгэх, хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох дотоодын шаардлагыг хангах, нислэг үйлдэхэд холбогдох зөвшөөрлийг америкийн талаас авах зэрэг олон ажил багтаж байгаа юм.Тус хэлэлцээрийг байгуулж, дотоодын агаарын тээвэрлэгчид АНУ-руу шууд нислэг гүйцэтгэж эхэлснээр нэг талаар манай улсын иргэд АНУ руу богино хугацаанд, тав тухтай зорчих боломж бүрдэх, нөгөө талаар олон улс руу гарч буй мөнгөн урсгалыг дотооддоо авч үлдэх, үндэсний агаарын тээвэрлэгчдийн олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, агаарын харилцаа, нислэгийн сүлжээг өргөжүүлэх боломж бүрдэх юм.Цар тахлын өмнөх агаарын тээврийн оргил үе болох 2019 онд Монгол Улс, АНУ хооронд 57,813 зорчигч зорчсон нь БНСУ, БНХАУ, Япон Улсын чиглэлийн дараа орох томоохон зорчигч урсгалын үзүүлэлт бөгөөд хоёр улс хооронд шууд нислэг эхлүүлэх зах зээл бий болсныг илтгэж байгаа юм.Тийз захиалгын системийн “Sabre” компанийн мэдээллээр Монгол-Америк хооронд 2019 онд зорчсон нийт зорчигчдын тийзийн худалдан авалт 45 сая ам.доллар байсан ба тухайн зорчигчдын дийлэнх хувь буюу 41,000 гаруй зорчигч 30 сая ам.долларын тийзийн худалдан авалтаар Сөүл, Бээжин хотуудаар дамжин зорчжээ.