ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ТАЛААРХ МОНГОЛ УЛС, БНСУ, АНУ-ЫН АНХДУГААР ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО

Монгол Улс, БНСУ, АНУ-ын чухал ашигт малтмалын талаарх гурван талт анхдугаар уулзалт 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо болов. Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, БНСУ-ын Гадаад харилцааны 2 дугаар орлогч сайд Ли До Хун, АНУ-ын ТНБД-ын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал хариуцсан орлогч Х.Фернандез нар тус тус төлөөлөгчдөө тэргүүлэн оролцов.Уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр оролцсон бөгөөд АНУ-ын ТНБД-ын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал хариуцсан орлогч Х.Фернандез-тай Монгол Улсад айлчлахын өмнө уулзаж, чухал ашигт малтмалын талаарх гурван талт анхдугаар уулзалтын бэлтгэл ажил, түүний Монгол Улсад хийх айлчлалын талаар санал солилцсон билээ. Чухал ашигт малтмалын талаарх гурван талт анхдугаар уулзалт нь 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо болсон Монгол Улс, БНСУ, АНУ-ын анхдугаар гурван талт уулзалтын мөрөөр хэрэгжиж буй сэдэвчилсэн гурван талт анхдугаар уулзалт гэдгээрээ онцлог юм.Анхдугаар уулзалтаар талууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээ, хамтын ажиллагааны талаар санал солилцож, төр-хувийн хэвшил хоорондын болон Засгийн газар хоорондын хэлэлцүүлэг хийв. Түүнчлэн Монгол Улсын эрдэс баялгийн салбарын нөхцөл байдал, дэлхийн эрдэс баялгийн нэн чухал хэрэгцээг хангахад Монгол Улс ямар үүрэг гүйцэтгэх боломжтой талаар талууд онцлон ярилцаж, чухал ашигт малтмалын салбар дахь сорилт, боломжуудын талаар санал солилцов. Монголын талаас эрчим хүчний чиглэлээр Засгийн газар хоорондын байнгын хамтын ажиллагааны салбар комисс байгуулах, “Газрын тос, байгалийн хий”-н хайгуулын чиглэлээр хамтран ажиллах, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт татах, салбарын /хайгуул, олборлолт, нөхөн сэргээлт, үйлдвэрлэл гэх мэт/ мэргэжлийн боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us