ВАШИНГТОН ДИСИ ОРЧМЫН МОНГОЛЧУУД САЙХАН НААДЛАА

АНУ-ын Вашингтон ДиСи орчимд ажиллаж, амьдарч, суралцаж буй нийт Монголчуудын Үндэсний их баяр наадам 2023 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Виржиниа мужийн Фэйрфакс дүүргийн “Bull run Regional Park” цэцэрлэгт хүрээлэнд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Баяр наадмын үйл ажиллагааг Төрийн далбааг мандуулах ёслолоор эхлүүлэв. Төрийн далбааг мандуулах ёслолыг Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Цэргийн атташе, Хурандаа Э.Гансүх удирдаж, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Миарагчаа, АНУ-ын Тэнгэсийн цэргийн академийн сонсогч С.Санаасайн нар мандуулав.Баяр наадмын арга хэмжээг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ө.Батбаяр нээж, үг хэллээ. Мөн түүнчлэн баяр наадмын үйл ажиллагаанд хүндэт зочноор уригдан оролцсон АНУ-ын Туслах Төрийн Нарийн Бичгийн даргын орлогч Марк Ламберт, Цагаан ордны ҮАБЗ-ийн Солонгосын хойг, Монголын асуудал хариуцсан захирал Эндрю Арвесет нар үг хэлж наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв. Наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой чансаа өндөр 32 бөх зодоглож, шагайн харваа, сурын харваа, хүүхдийн гүйлт, шагайгаар морь уралдуулах, гар барилдаан зэрэг олон төрлийн уламжлалт болон орчин үеийн тэмцээнийг хослуулан зохион байгуулав. Тэмцээнүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг цувралаар хүргэх болно. Энэ жилийн “Монгол наадам”-ыг АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ Вашингтон ДиСи орчмын Монголчуудын холбоо болон бусад ТББ-тай хамтран амжилттай зохион байгуулав. Наадмын үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажилласан нийт байгууллагууд, хувь хүмүүс, ивээн тэтгэгчид Та бүхэндээ гүн талархал илэрхийлж байна. ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол Наадам”-ыг суугаа орондоо сурталчлан таниулах үйлсэд АНУ-д амьдарч буй иргэд, оюутан залуус, хүүхэд багачууд өргөнөөр хамрагдлаа. Наадамд нийт дотно болон гадны 1800 гаруй иргэд хүрэлцэн ирж дэнж хотойтол сайхан наадлаа. Та бүхэн сайхан наадаарай!!!


Print Friendly, PDF & Email

Like us

Follow us