БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОЛОН НИЙТИЙН ДИПЛОМАТ АЖИЛЛАГАА БОЛОН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ОРЛОГЧ ЭЛИЗАБЕТ М.АЛЛЕНТАЙ УУЛЗАВ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Олон нийтийн дипломат ажиллагаа болон олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн орлогч Элизабет М.Аллентай 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр уулзав.

Уулзалтад Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Камиль Норман, Элчин сайд Ө.Батбаяр нар байлцав.Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд иргэд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх нь чухал үүрэгтэй болохыг онцолж, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн манай улсын сургалтын үндсэн гадаад хэл болох англи хэлний багш нарын ур чадварыг дээшлүүлэх, их, дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагаа, оюутан, багш, судлаач солилцооны хөтөлбөрүүдийг өргөжүүлэх чиглэлд түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд талууд “Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээний гэрээ”-нд гарын үсэг зурж, манай улсаас Фулбрайтын магистрын хөтөлбөрт хамрагдах оюутны тоог хоёр дахин нэмэхээр тохиролцлоо.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us