ФУЛБРАЙТЫН МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ОЮУТНЫ ТОО ХОЁР ДАХИН НЭМЭГДЛЭЭ

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран АНУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Фулбрайтын магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэхээр АНУ-ын Төрийн Департаменттай харилцан тохиролцов.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Нью-Йорк хотноо 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээний гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Тус гэрээнд айлын талаас АНУ-ын Олон улсын боловсролын хүрээлэнгийн Дэд Ерөнхийлөгч Эдвард Монкс гарын үсэг зурсан бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын Олон нийтийн дипломат ажиллагаа болон олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн орлогч Элизабет М.Аллен, Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Камиль Норман, Элчин сайд Ө.Батбаяр нар байлцав.

Фулбрайтын гадаад оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бөгөөд АНУ-ын Төрийн Департаментын боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн хамгийн том тэтгэлэгт хөтөлбөр юм. Тус хөтөлбөрт жилд 160 гаруй улсын 4000 орчим оюутан хамрагддаг.АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын хөтөлбөр Монгол Улсад 1994 оноос хэрэгжиж эхэлсэн ба жилд 3-5 оюутан суралцаж байсан бол Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газрын хамтарсан санхүүжилттэй магистрын хөтөлбөр 2011 оноос хэрэгжиж эхэлснээр жилд дунджаар 20 оюутан суралцаж байгаа юм. Шинэчлэн байгуулсан гэрээний дагуу 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн манай улсаас хоёр улсын Засгийн газрын хамтарсан санхүүжилттэй Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоо хоёр дахин нэмэгдэж, жил бүр монголын 40 хүртэл оюутан (шинээр 20, төгсөх 20) АНУ-ын шилдэг их, дээд сургуульд магистрын түвшинд суралцах боломж бүрдэж байна.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us