ИНДИАНАГИЙН ИХ СУРГУУЛИЙН АХЛАХ БАГШ ЛЭГДЭНГИЙН ЦЭРЭНЧУНТ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНУУЛЛАА

Индианагийн Их сургуулийн Төв Евро-Ази судлалын тэнхимийн ахлах багш Лэгдэнгийн Цэрэнчунт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдсаныг Элчин сайд Ө.Батбаяр 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монгол Нийгэмлэгийн 2023 оны хурлын үеэр гардуулав.Л.Цэрэнчунт багш Дундговь аймгийн Мандалговь хотын дунд сургуулийг төгсөөд ОХУ-ын Эрхүү хотын Багшийн дээд сургуулийг дүүргэж, 1980 оноос эхлэн Намын дээд сургуульд 12 жил багшилжээ. Мөн Монгол хэл сургалтын “Гүүр” төв, Олон улсын “Гүүр” коллежийг үүсгэн байгуулж, багш, захирлаар нь ажиллаж байв.Тэрээр 2004 оноос Индианагийн Их сургуультай ажил, амьдралаа холбож, тус сургуулийн Төв Евро-Ази судлалын тэнхимд 2004-2009 онд монгол хэлний зочин багшаар ажиллаж байгаад 2009 онд орон тооны багш, 2014 оноос тус тэнхимд ахлах багшаар ажиллаж байна.Одоогоор Индианагийн Их сургууль нь монгол судлалаар магистр, доктор бэлдэх, орчин цагийн монгол хэлийг 3-4 жилээр заадаг хөтөлбөртэй Хойд Америк дахь цорын ганц их сургууль юм. Тэрээр тус сургуульд ажиллах хугацаандаа монгол хэлний хөтөлбөрийг боловсронгуй болгож, зарим хөтөлбөрүүдийг шинээр хийснээс гадна 2007 оноос зуны монгол хэл, соёлын эрчимжүүлсэн сургалт, 2009 оноос эхлэн монгол хэлний цахим хичээлийг зааж байна. Эрчимжүүлсэн зуны сургалт болон цахим сургалтад бусад их дээд сургуулиудад монгол судлалын чиглэлээр судалгаа хийж буй магистр, докторын оюутнууд олноор хамрагддаг байна. Л.Цэрэнчунт 2021 онд ИИС-ийн профессор, багш нарт заах аргын ур чадварыг нь үнэлэн олгодог “The Trustees’ Teaching Award” шагнуулж байсан. Мөн 2016 оноос эхлэн ИИС-ийн “Төв Азийн Бүс Нутгийн Хэлнүүдийн Төв”-тэй хамтран монгол хэлний сурах бичиг бичих төсөл хэрэгжүүлэн, гадаад хэл заах аргын сүүлийн үеийн ололтод үндэслэсэн “Монгол хэлний анхан шатны сурах бичиг”-ийг доктор П.Увшийн хамтаар боловсруулжээ.Мөн жил бүр монголын залуу багш нараас АНУ-ын Фулбрайт хөтөлбөрийн шугамаар нэг залуу багшийг ИИС-д авчирч туслах багшаар ажиллуулан, орчин үеийн гадаад хэл заах аргын мэдлэг чадварт сурган, өөрийн сурсан мэдсэнээ хуваалцаж, цаашид өсөж дэвжихэд нь тусалдаг аж. АНУ-д Монгол судлаачдыг бэлтгэх үйлсэд 20 орчим жил ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнуулсанд дахин баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us