ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛАЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ XVI БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

“Олон улсын Монгол судлалын эрдэм шинжилгээний XVI бага хурал” АНУ-ын Смитсониан хүрээлэнд 2024 оны 2 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөв. Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Монгол Соёлын төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг хуралд Жорж Вашингтоны их сургууль, Пенсильванийн их сургууль, Канзасын их сургууль, Роджерс их сургууль, Делаверийн их сургууль, Жонс Хопконс их сургууль, Мичиганы их сургууль, Баруун Вашингтоны их сургууль, Зүүн Тенниси мужийн их сургууль, АНУ-ын Төрийн Департаментын харьяа дипломат институт, Лондон хотын Коуртаулд урлагийн институтын эрдэмтэн судлаачид болон манай улсын МУБИС, СУИС, Сити их сургууль, Монгол Улсын Консерватори, Оуэн Латтимор судлалын төвийн нийт 33 эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүлэв. Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү хурлын үйл ажиллагаанд 150 гаруй оролцогчид идэвхтэй оролцлоо. Элчин сайд Ө.Батбаяр бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “АНУ монгол судлалын баялаг түүх, өв сантай, дэлхийн монгол судлалын цаашдын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо чухал тул Хойд Америкийн монгол судлалын бүсчилсэн хурлыг тогтмолжуулан өргөжүүлэх шаардлагатай байгааг онцлов. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол судлалыг эрчимтэй хөгжүүлэх, олон улсад түгээн дэлгэрүүлэх хүрээнд таван жил тутам зохион байгуулдаг Олон улсын монголч эрдэмтний их хурлыг гурван жил тутамд зохион байгуулахаар шийдвэрлэж, Олон улсын монголч эрдэмтний XIII их хурлыг 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулахаар ГХЯ, МСҮЗ, ОУМСХ хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.

✅

Бага хурал “Монголын түүх”, “Уран зохиол”, “Соёл урлаг”, “Хэл шинжлэл”, “Оуэн Латтимор судлал”, “Номын сан ба мэдээллийн технологи”, Жендэрийн асуудал”, “Боловсрол” зэрэг салбар хуралдаантайгаар өрнөв.

✅

Хурлын үеэр Смитсониан хүрээлэнд “Mongolia Captured” Монголын Байгалийн гэрэл зургийн нийгэмлэгийн фото зургийн үзэсгэлэнг гаргав.

✅

Оролцогчид Конгрессын Номын сангийн Азийн хэсэгт байрлах монголын холбогдолтой ховор ном, бүтээлтэй танилцав.

✅

Энэ удаагийн хурал нь АНУ-ын соёлын салбарын хамгийн нэр хүндтэй байгууллагууд болох “Смитсониан институт” хүрээлэнд зохион байгуулснаараа онцлог байв

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us