“BEAUTIFUL MONGOLIA” МОРИН ХУУРЫН БОЛОН ҮНДЭСНИЙ ЯЗГУУР УРЛАГИЙН ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд ГХЯ, ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр “Анура мюзик” хөгжмийн сургуулийн багш, сурагчдын “Beautiful Mongolia” морин хуур болон үндэсний язгуур урлагийн тоглолт АНУ-ын алдарт Кеннеди төвийн “Millennium stage” тайзнаа 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

“Beautiful Mongolia” тоглолтод үндэсний язгуур урлаг, дэлхийн сонгодог болон орчин үеийн хөгжмийн бүтээлүүдийг толилуулав.

Тоглолтыг АНУ-ын төр, засгийн байгууллага, бизнесийн төлөөлөл, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, тус улсад оршин суугаа монгол иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 500 гаруй хүн үзэж сонирхов.

ЭСЯ-ны зүгээс морин хуур болон үндэсний урлагийн сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг дэмжих ажлыг эрчимжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд тус тоглолт нь Монголын соёл урлагийг морин хуураар дамжуулан сурталчлах, морин хуурыг сурч, судлан сонирхож буй хүүхэд залуусыг дэмжих, АНУ-д төрж өссөн монгол хүүхдүүдэд Монголын соёлыг өвлүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

“Anura music” сургалтын төвийн үүсгэн байгуулагч У.Хатанболд нь СУИС-ийг монголын уламжлалт хөгжмийн багш мэргэжлээр төгссөн мэргэжлийн хөгжимчин, найруулагч бөгөөд 2015 онд “Анура хөгжим” сургалтын төвийг Вашингтон Ди Си хотноо үүсгэн байгуулж, өдгөө 60 гаруй хүүхэд, залуусыг сургаж байна.

Тус сургалтын төвд суралцагч хүүхэд, залуус ЭСЯ-ны соёлын арга хэмжээ, үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог төдийгүй АНУ-д болж буй томоохон фестиваль, концертод оролцож, үндэсний өв соёлоо олонд түгээсээр ирсэн.

“Anura music” төв нь өдгөө 5-16 насны 250 гаруй хүүхэд, багачуудад төгөлдөр хуур, морин хуур, ятга, ёочин зэрэг хөгжмийн боловсролыг олгоод байна. Тоглолтыг хамтран зохион байгуулсан “Анура мюзик” хөгжмийн сургуулийн хамт олон, эцэг эх, тоглолтод оролцсон нийт уран бүтээлчиддээ талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.Түүнлчэн Монгол Улсаа сурталчлах, хоёр улсын соёлын харилцааны хүрээнд зохион байгуулсан тус арга хэмжээнд дэмжлэг үзүүлсэн ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын хамт олон болон ивээн тэтгэгч нартаа талархал илэрхийлье.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us