МОНГОЛ НИЙГЭМЛЭГИЙН 2025 ОНЫ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛОВ
ЭСЯ болон Монгол Нийгэмлэг хамтран зохион байгуулсан 2025 оны Монгол судлалын ээлжит хурал ЭСЯ-нд 2025 оны 10 дугаар сарын 3-4-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөв.
Тус хуралд биечлэн болон цахим хэлбэрээр 34 илтгэгч олон улсын харилцаа, түүх, хэл шинжлэл, зан заншил, археологи, Смитсониан хүрээлэнгийн хийсэн монголын талаарх судалгааны түүх зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд хурлын үйл ажиллагаанд эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөл бүхий 50 гаруй хүн оролцов.
Хурлын үйл ажиллагааг нээж Элчин сайд Ө.Батбаяр, Монгол Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Майкл Клечески нар үг хэлсэн бөгөөд Элчин сайд Ө.Батбаяр уламжлал ёсоор ЭСЯ-наас Монгол судлалын залуу халааг бэлтгэх, хөгжүүлэх талаар санаачлан хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг танилцуулж, Монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн судлаач нарт талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашид АНУ-д монгол судлалыг хөгжүүлэхэд Монгол Нийгэмлэг, их сургуулиуд, эрдэмтэн, мэргэжилтнүүдийн харилцаа холбоо, хамтын ажиллагаа чухал болохыг байгааг онцлов.
Оролцогчид хурлын эхний өдөр Вашингтон хот дахь Азийн урлагийн музейн монголын эзэнт гүрний үетэй холбогдох үзвэрүүдтэй танилцав.
ГХЯ болон ЭСЯ-ны зүгээс Монгол Нийгэмлэгтэй хамтран 2023-2025 онд монгол судлалын залуу үеийг бэлтгэх чиглэлд тодорхой ажил, санаачилгыг дэвшүүлэн ажиллалаа. Түүнчлэн Монгол Нийгэмлэгээс эрхлэн гаргах эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажлыг хэвлэн нийтлэхэд зориулж бодит санхүүгийн дэмжлэг үзүүлэв.

