МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээ (Усны Компакт)-ний Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд байгуулж, албан ёсны нээлтийн үйл ажиллагааг 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ нар нээлтийн үг хэлж, хоёр орны төр, засгийн өндөр дээд түвшний зочид, нийслэлийн болон холбогдох бусад байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа томоохон хэмжээний дахин боловсруулах үйлдвэр байгуулагдаж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд 12 км урт ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц болон холбогдох дэд бүтцийг цогцоор нь байгуулж буйгаараа онцлог юм.

Тус үйлдвэр нь шинэ Төв цэвэрлэх байгууламжаас хоногт 50 мянган шоо метр, жилд 18 сая шоо метр усыг дахин боловсруулж, Дулааны III цахилгаан станц болон Дулааны IV цахилгаан станц-д техникийн зориулалтаар нийлүүлнэ.

Like us

Follow us