“МОНГОЛ ТУУРГАТАН” ХҮҮХДИЙН УРЛАГИЙН УЛАМЖЛАЛТ III НААДМЫН УРИЛГА

Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн хүрээнд “Монгол туургатан” хүүхдийн урлагийн уламжлалт III наадмыг “Бид хамтдаа“ уриатайгаар 2011 оны 07 дугаар сарын 02-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол улсын Засгийн газрын ивээл дор зохион байгуулах гэж байна.

Хүүхэд, өсвөр үеийнхэнд Монгол туургатны соёл урлагийн их өв санг танилцуулах, сурталчлах, эзэмшүүлэх, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, улс үндэстний хүүхэд, багачуудын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлж, үндэсний соёл, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой уг наадамд Монгол улс, БНХАУ-ын Өвөрмонголын болон Шинжан Уйгарын Өөртөө Засах Орон, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Саха улс, Эрхүү мужийн тойргийн авьяаслаг хүүхэд багачууд оролцон хамтарсан тоглолт зохион байгуулна.

Наадмын хүрээнд Монгол үндэстний хүүхэд багачуудын урлагийн нэгдсэн тоглолт, “Монгол түмний баяр”, “Тойрон бүжгийн баяр”, “Монгол гоёо” үндэсний хувцасны загварын шоу тоглолт, “Дэлхийд гайхагдсан Монгол үндэстний урлаг” улс үндэстний өдөрлөгийн үйл ажиллагаа, “Эх дэлхийнхээ төлөө” эв нэгдлийн цуглаан, “Би-Бид-Бидний хойч үе ногоон дэлхийдээ амьдрах эрхтэй ” эко илтгэлийн уралдаан зэрэг олон талт нэгдсэн арга хэмжээнүүд мөн зохион байгуулагдах болно.

Иймд АНУ-д амьдарч буй Монгол үндэстэн угсаатан иргэд, суурьшин амьдарч буй Монгол үндэстний авьяаслаг хүүхэд багачуудыг тус наадмын үйл ажиллагаанд төлөөлөгчөөр оролцохыг урьж энэхүү урилгыг хүргүүлж байна.

Монгол туургатан хүүхдийн “Бид хамтдаа” урлагийн III наадамд оролцогчдын Улаанбаатарт ирэх, буцах тээврийн зардлыг тухайн улс орон өөрсдөө хариуцах бөгөөд наадмын үеийн хоол байр болон бусад зардлыг Монголын тал хариуцах ба 10 хүртэлх хүүхдийг 1 багшийн хамт хүлээн авах боломжтой.

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

“БИД ХАМТДАА” МОНГОЛ ТУУРГАТАН ХҮҮХДИЙН III НААДАМД ОРОЛЦОГЧДОД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ

Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, Ардын хувьсгал ялсны 90 жил, Монголд залуучуудын байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд хүүхдүүдэд монгол туургатны урлагийн их өв санг өвлүүлэх, угсаатан, ястны түүх ёс заншлыг сурталчилах, харилцан таниулах, урлагаар дамжуулан эх орноо хайрлах, хамгаалах харилцан таниулах зорилгоор Монгол Туургатан хүүхдийн урлагийн III наадмыг 2011 оны 07-р сарын 02-оос 07-р сарын 12-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

Нэг. Наадамд оролцох урлагийн төрөл
1.1. Дуу: гоцлол ба хамтлаг (ардын болон хүүхдийн, зохиолын дуу)
1.2. Бүжиг: гоцлол ба хамтлаг (ардын болон зохиомжит, сонгодог бүжиг)
1.3. Хөгжим: гоцлол ба хамтлаг (үндэсний болон сонгодог хөгжим)
1.4. Ардын язгуур урлаг: (хархираа, исгэрээ, хеөмий, уран нугаралт гэх мэт)

Хоёр. Наадмын төлөөлөгчдийг сонгох, оролцуулах тухай
2.1 Наадамд оролцогч орнууд нь урлагийн дээрх төрлүүдээс дагнасан болон хоршсон хэлбэрээр 30 минутын тоглолт бэлтгэж ирэх ба мэргэжлийн найруулагчдын бүрэлдэхүүн уг тоглолтоос “Монгол туургатан хүүхдийн урлагийн III наадам”-ын нэгдсэн тоглолтонд оролцох бүтээлийг сонгон авна.
2.2 Наадмын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хүүхэд 25, мэргэжлийн багш 3, хүндэт зочин 2 нийт 30 хүн байна.
2.3 Наадамд оролцогчдод монгол үндэсний хөгжим, хэрэгсэл хэрэгтэй бол зохион байгуулах хороонд урьдчилан мэдэгдэж, бэлтгүүлж болно. Энэ тохиолдолд орон нутгаасаа авч ирэх шаардлагагүй.
2.4 Тухайн оронд суурьшин амьдарч байгаа Монгол иргэдэд энэхүү мэдээлэл ижил хамаарах бөгөөд наадамд оролцох хүсэлтээ харьяалан буй Элчин сайдын яам, консулын газраар дамжуулж болохоос гадна зохион байгуулах хорооны цахим хаягаар харилцаж болно.
2.5 Наадамд оролцох төлөөлөгчдийг сонгон шалгаруулахдаа авъяас чадвар, эрүүл мэнд, хувь хүний биеэ авч явах соёл, зан суртахуун, ёс зүйн байдлыг харгалзах ба авъяас билэг, ур чадварыг үндсэн шалгуур болгоно.
2.6 Наадамд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүний талаарх болон хөтөлбөрийн талаарх мэдээлэл, оролцогчдын онцлог байдал, тусгайлсан шаардлага бүхий нэгдсэн мэдээллийг 2011 оны 05-р сарын 01-ны дотор наадмыг зохион байгуулах хороонд дурдсан хаягаар ирүүлнэ үү.

Гурав. Төлөөлөгчдийн хариуцах ба бэлтгэх зүйлс
3.1 Төлөөлөгчид наадамд оролцох өөрсдийн урлагийн тоглолттой холбоотой хувцас, ая, шум, жижиг хэрэглэл, тоноглол, техник хэрэгсэлийг өөрсдөө бүрэн хариуцах бөгөөд тоглолтын талаарх мэдээллийн хуудсыг www.nairamdal.mn вэб сайтаас авч 2011 оны 05-р сарын 01-ны дотор наадмыг зохион байгуулах хороонд ирүүлнэ. /Овор томтой үндэсний хөгжим, техник хэрэгсэлийн тухайд энэ мэдээллийн 2.3 дахь заалт ижил үйлчилнэ./
3.2 Төлөөлөгчид нь эрүүл мэндийн хуудсыг www.nairamdal.mn вэб сайтаас авч оршин суугаа орныхоо харъяалах эрүүл мэндийн байгууллагаар наадамд оролцохоос 5-7 хоногийн өмнө баталгаажуулж, эрүүл мэндийн хуудас, шинжилгээний бичгийг биедээ авч ирнэ.
3.3 Төлөөлөгчдийн хүндэтгэх байдал /цагаан хоолтон гэх мэт/ тусгайлсан шаардлага зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг зохион байгуулах хороонд урьдчилж ирүүлэх бөгөөд ирүүлээгүй тохиолдолд түүнээс үүдэх хүндрэл, аливаа асуудлыг зохион байгуулагчид хариуцахгүй болно.
3.4 Наадмыг зохион байгуулахад шаардлагатай дараах зүйлсийг бэлтгэж ирнэ.
а. Төрийн сүлд дуулал
б. Төрийн далбаа
в.Тухайн улс үндэстний сурталчилгааны зүйлс /өөрийн орны түүх зан заншлыг харуулсан баримтат болон уран сайхны кино/
г. Улс үндэстний тоглоом наадгай
д. Үндэсний хувцас /наадмын үеэр зохион байгуулагдах хувцас загварын шоу тоглолтонд хэрэглэгдэх үндэсний болон үндэсний онцлогийг харуулсан загварын хувцас/
е. дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлтийн эсрэг улс оронд явуулж буй үйл ажиллагааны талаарх мэдээлэл, сурталчилгааны зүйлс /наадмын үеэр зохион байгуулагдах хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд хэрэглэгдэнэ/
ё. Бэлэг дурсгалын зүйлс
ж. Эмийн сан
з.Биеийн тамирын болон чөлөөт хувцас
и. Нарнаас хамгаалах хэрэгсэл

3.5 Тухайн наадмыг зохион байгуулах Олон улсын хүүхдийн ”Найрамдал” төв нь Улаанбаатар хотоос баруун хойш байгалийн үзэсгэлэнт Баянголын хөндийд далайн түвшингээс 1720 метрийн өндөрт, өндөр уулын бүсэд байрладаг тул дулаан хувцастай ирэхийг сануулж байна.

Дөрөв. Төлөөлөгчдийн аюулгүй байдал бусад асуудлын талаар
4.1 Төлөөлөгчдийн наадамд оролцохоор ирэх, буцах үеийн замын аялал, аюулгүй байдлыг илгээгч тал бүрэн хариуцах ба наадмын үеийн аюулгүй байдлыг “Найрамдал” төв хариуцна.

Тав. Тоглолт зохион байгуулагдах газар
5.1 Нэгдсэн тоглолт нь Улаанбаатар хотын төвд байрлах Соёлын төв өргөөнд зохион байгуулагдана. Тоглолт болох тус өргөөний тайзны урт 18 метр, гүн 24 метр, өндөр 10 метр, хөшигний урт 18 метр, хөшигний 6 замтай, сүүлийн үеийн дуу техник, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, үзэгчдийн суудлын тоо партер 1000, бельтаж 500 байна. /бэлтгэлийн өрөө гаргаж өгнө./

Зургаа. Наадмын үнэлгээ ба шагнал урамшил
6.1 Уг наадам нь уралдааны хэлбэрээр зохион байгуулагдахгүй бөгөөд наадамд оролцогчдод наадмын дурсгалын медаль, бэлэг дурсгалын зүйлсийг гардуулна.
6.2 Онцгой тохиолдолд зарим төрөлд оролцогчдод ивээн тэтгэгч байгууллагуудын нэрийн бэлэг дурсгалын зүйлсийг гардуулна.

Долоо. Зохион байгуулах хорооны дэмжлэг туслалцаа
Наадамд оролцох тухайн улсын төлөөлөгчид дараах асуудлаар дэмжлэг туслалцаа авч болно.
7.1 Наадам, наадмын нэгдсэн тоглолтын талаарх мэдээлэл
7.2 Тээвэрлэлтэд хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн албан бичиг
7.3 Виз, визний асуудлын талаарх дэмжлэг туслалцаа /урилга, албан бичиг/
7.4 Наадмын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
7.5 Наадмын үеэр хүндэтгэх шалтгаан гарсан үед авто машины нэмэлт үйлчилгээ
7.6 Банкны үйлчилгээ
7.7 Наадмын үеийн тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн засвар, үйлчилгээ

Найм. Наадмыг зохион байгуулах хорооны хаяг / мэдүүлэг хүлээн авах /

Монгол улс Улаанбаатар хот. Баянгол 18820, ш/х 211127, Олон Улсын Хүүхдийн “ Найрамдал ” Төв.
Факс 976-11 496002,
цахим хаяг: www.nairamdal.mn, www.pmis.gov.mn
утас: 496001, 496004, 496008
е-мэйл: nairamdl@mongol.net, javzankhuu@cabinet.gov.mn

Зохион байгуулах хороо

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us