АНУ-ЫН ОЛОН УЛСЫН СОЛИЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН ХҮЛЭЭН АВАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

NCIV 03

Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд АНУ-ын Олон улсын солилцоо
ны үндэсний зөвлөлийн /The National Council for International Visitors/ гишүүдэд зориулсан хүлээн авалтыг 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр тус ЭСЯ дээр зохион байгуулав. Тус байгууллагын 50 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгждэг тус хөтөлбөрт жил болгон манай улсын төрийн болон төрийн бус байгууллагуудаас дунд болон дээгүүр түвшний төлөөлөгчид оролцож тусгайлан сонгосон сэдвээр 3 долоо хоногоос нэг сарын хугацаанд АНУ-ын муж хотуудаар аялж сэдвийнхээ хүрээнд туршлага судалдаг юм.

Хүлээн авалтад тус зөвлөлийн Ерөнхийлөгч Женифер Клинтон, удирдах зөвлөлийн гишүүд, төрийн департаментын төлөөлөгчид болон 10 гаруй муж, хотуудын салбарын нийт 40 гаруй төлөөлөгчид оролцлоо. Хүлээн авалтыг нээж Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат хэлсэн үгэндээ Монгол-Америкийн харилцааг бэхжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог өргөтгөхөд тус хөтөлбөрийн оруулж буй хувь нэмэр, иргэдийг хамарсан дипломат ажиллагааны ач холбогдлыг өндрөөр үнэлж талархал илэрхийлэв. Тус байгууллагын удирдлагын зүгээс иргэдийн солилцоо нь тухайн улсын гадаад, дотоод бодлого, эдийн засаг, соёлыг харилцан таних, ойлгоход ихээхэн дэмжлэг болж ирснийг тэмдэглэж Монгол Улсын хөгжил хийгээд Монгол-Америкийн харилцаанд тус хөтөлбөр үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хүлээн авалтын үеэр Монголын урлагийн тоглолт үзүүлбэр үзүүлсний зэрэгцээ мэдээлэл сурталчилгааны материал тараасан болно.

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us