ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ

Cnfrnce day 2 5Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, АНУ дахь Монголын соёлын төв, Монгол Улсын Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан “Чингис хаан – 850 жилийн өв” сэдэвт олон улсын Монгол судлалын эрдэм шинжилгээний 6 дугаар бага хурал 2012 оны 5 дугаар сарын 4-5-нд Вашингтон хотод суугаа Элчин сайдын яаманд амжилттай болж өндөрлөв.

Уг бага хуралд АНУ дахь Монголын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, нэрт монгол судлаач, доктор Алишиа Кэмпи, Коламбын их сургуулийн профессор Моррис Россаби, Берлиний Горцийн институтын монголч, нанхиадач, түрэгч эрдэмтэн, доктор Паул Д.Буелл, Торонтогийн Их Сургуулийн профессор нанхиадач, төвдөч эрдэмтэн Жэннифер Пуртл, Смитционы институтын Уильам Фитзхью, АНУ дахь Монголын соёлын төвийн Ерөнхийлөгч, доктор М.Саруул-Эрдэнэ, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, түүхч Д.Мөнх-Очир, МУИС-ийн Түүхийн тэнхмийн эрхлэгч П.Дэлгэржаргал, УБИС-ийн Түүхийн тэнхмийн эрхлэгч Ц.Гантулга, МУБИС-ийн Гадаад харилцаа хариуцсан дэд захирал, түүхч Л.Алтанзаяа, БНСУ-ын Ханкүкийн гадаад судлалын их сургуулийн монгол судлалын салбарын эрхлэгч Д.Отгонцэцэг нарын Монгол судлал, тэр дундаа Чингис хааны судлалын чиглэлээр судалгаа хийн олон арван бүтээл туурвисан Монгол, АНУ, Канад, Түрк, ХБНГУ, Израиль, Польш, БНСУ, Гүрж, Узбек, Азербайжан, Казахстан зэрэг орны 30 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, АНУ-ын Төрийн департамент, Конгрессын албаны хүмүүс, АНУ-д амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл нийт 80 орчим хүн оролцов.

Cnfrnce day 2 2Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат бага хурлыг нээж үг хэлэхдээ Монгол Улсын төр, засгийн газар олон улсын монгол судлал, тэр дундаа Чингис хааны судлалд онцгой анхаарч, ач холбогдол өгч буйг цохон тэмдэглээд уг бага хурлын төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нараас ирүүлсэн илгээлтийг уламжлав. Эл бага хурал нь Эзэн Чингисийн мэндэлсний 850 жилийн ойд зориулан энэ жилийн туршид зохиох олон чухал арга хэмжээний нэгэн чухал хэсэг бөгөөд гадаад оронд зохиогдож буй анхны бага хурал гэдгийг Элчин сайд мөн онцлов. Чингэхдээ Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буй жил Вашингтон хотод энэхүү бага хурлыг зохион байгуулсандаа баяртай байгаагаа дурдав.

Бага хурал Чингис хааны өвийн тухай орчин үеийн ойлголт, улс төрийн уламжлал, Монголын Эзэнт гүрний дэлхийд үзүүлсэн нөлөөлөл, Монгол цэргийн стратеги, дайны урлаг, Монголчуудын хэл зүй, утга зохиолын өв уламжлал, Монгол урлагийн илэрхийлэл, үр нөлөө, Чингис хааны тухай түүхийн судлал гэсэн 7 дэд сэдвээр хуралдав. АНУ дахь Монголын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, нэрт монгол судлаач, доктор Алишиа Кэмпийн тавьсан “Чингис хааны дүр төрх – Үндэсний билэг тэмдэг болгох нь” сэдэвт үндсэн илтгэлээр эхэлж, Чингисийн онгоныг хиймэл дагуулын зургаар баримжаа болгон, нутгийн ардуудаас тандан судлах аргаар хайж, шуугиан тариад байгаа Алберт Ю-Мин Лин, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн түүхч, доктор Ж.Базарсүрэн зэрэг эрдэмтдийн сонирхол татсан 23 илтгэлийг хэлэлцэв.

Энэхүү бага хурал өмнөх хурлуудтай харьцуулбал олон оролцогчидтой, өргөн цар хүрээг хамарсан олон улсын чанартай бага хурал болсныг зохион байгуулагчид төдийгүй оролцсон эрдэмтэн, судлаачид санал нэгтэй дүгнэж, монгол судлал, түүний дотор Чингис судлалд тодорхой хувь нэмэр оруулахуйц арга хэмжээ боллоо.

Бага хурлын төгсгөлд Элчин сайд Х.Бэхбат төлөөлөгчдийг хүндэтгэн Өргөөндөө хүлээн авалт зохион байгуулж, Монгол судлал, Чингис судлалд болон Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий эрдэмтэн, судлаачдад Өргөмжлөл гардуулав. Зочид хүлээн авалтын үеэр Монголын Эзэнт гүрэн, Чингис хааны талаар англи хэлээр хэвлэгдсэн ном, зохиолын цуглуулгатай танилцав.

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us