МОНГОЛ, АМЕРИКИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

131118-dedsaid

Монгол Улсын гадаад харилцааны Дэд сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 11 дүгээр сарын 14-15-нд Вашингтон хотноо болсон Монгол, Америкийн гадаад яамд хоорондын есдүгээр зөвлөлдөх уулзалтад оролцов.

Энэ удаагийн уулзалтаар хоёр орны улс төр, худалдаа, эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, ардчилал, засаглал, АНУ-аас Монгол Улсад үзүүлж буй тусламж, консулын харилцааны асуудлаар тусгай хуралдаанууд зохион байгуулж ярилцав.

Талууд хоёр орны хоорондын зөвлөлдөх уулзалтад өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, хамтын ажиллагааны энэхүү механизм нь хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов.

Уулзалтын дүнгээр хамтарсан баримт бичиг гаргаж, өмнөх уулзалтаар тохиролцсон арга хэмжээ амжилттай хэрэгжснийг сайшаан тэмдэглээд дараа жилийн уулзалт болтол хэрэгжүүлэх арга хэмжээг тохиролцов. Тухайлбал, өнгөрсөн хоёр жилд харилцан хэрэгжүүлсэн дээд, өндөр түвшний айлчлалуудын ач холбогдлыг онцлоод ирэх онд харилцан хэрэгжүүлэх айлчлалуудын талаар санал солилцов. Мөн Ил тод байдлын хэлэлцээрт гарын үсэг зурсан, Монгол Улс АОХН-ийг амжилттай даргалсан зэргийг онцлон тэмдэглэж, Монгол Улсыг иргэд нь АНУ-д визгүй зорчдог орны хөтөлбөрт хамруулах шалгуур нөхцлийг тохирох үйл явцыг эхлүүлэх, Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан зөвлөлийг ирэх онд Улаанбаатар хотноо хуралдуулах зэрэг хэд хэдэн тохиролцоонд хүрэв.

Зөвлөлдөх уулзалтад оролцсон америкийн талын төлөөлөгчдийг Төрийн департаментын Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн дарга Д.Рассел тэргүүлж, тус улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Худалдааны яам, Худалдааны төлөөлөгчийн газар, Олон улсын хамтын ажиллагааны агентлаг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон  Төрийн департаментын холбогдох газар нэгжийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүн оролцов.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us