ВАШИНГТОН ХОТНОО МОНГОЛ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН XIII БАГА ХУРАЛ БОЛОВ

“Монгол судлалын олон улсын 13 дугаар бага хурал” Клэйрвүүд Их сургууль болон Конгрессын номын санд 2019 оны 2 дугаар сарын 15-16-нд амжилттай болж өндөрлөв.

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Конгрессын номын сан болон Клэйрвүүд Их сургууль хамтран зохион байгуулсан уг хуралд Монгол, БНХАУ, ОХУ, Канад, АНУ зэрэг орноос 34 илтгэгч оролцож илтгэл тавьснаас гадна эрдэмтэн, судлаачид, Элчин сайд нар, тус улсад оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл зэрэг 150 гаруй хүн оролцов. Мөн бага хурлыг интернетээр шууд дамжуулсан нь дэлхийн өнцөг булан бүрт суугаа монгол иргэд, монгол судлал сонирхогчдод хурлын үйл ажиллагаатай танилцах боломж олгов.

Бага хурлыг нээж Элчин сайд Ё.Отгонбаяр, Монголын соёлын төвийн тэргүүн М.Саруул-Эрдэнэ нар үг хэлсэн бөгөөд Элчин сайд Ё.Отгонбаяр хэлсэн үгэндээ “Монгол хэл, соёлоо хадгалан үлдэх, Монгол судлалын залуу халааг бэлтгэхэд туслах, чадавхийг сайжруулах, дэлхийн Монгол судлалыг хөхиүлэн дэмжих, мэдээллээр хангах, Монголын баялаг түүх, зан заншлыг олон улсад, тэр дундаа АНУ-д сурталчлан таниулах, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд уг хурал чухал нөлөөтэй болохыг” онцлов.

Бага хурал “Монголын түүх судлал”, “Монгол хэл бичиг судлал”, “Монголын соёл, утга зохиолын судлал”, “Монгол дахь археологи”, “АНУ дахь Монголчууд”, “Гадаад харилцаа” зэрэг үндсэн салбар хуралдаантайгаар өрнөв. Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд “Монголын нууц товчоонд буй зарим нэр томьёоны тайлбар”, Пенсильванийн Их сургуулиийн профессор К.Этвүүд “Хубилай хаан болон түүний өв залгамжлагчдын ан агнуурын хууль”, тус сургуулийн докторант Д.Дотно “Монголын нууц товчоо ба Чингис хааны оролцоо”, МУБИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, профессор Ш.Баттөгс “Монголын нууц товчооны тайлбар бичгийн зарим онцлог”, АШУҮИС-ийн профессор Ч.Батнайрамдал “Монгол лам нарын хоолны дэглэм”, МУИС-ийн профессор Ж.Лхагвадэмчиг “Монгол Улсын Буддын шашны дипломат бодлого: Боломж ба сорилт”, Индианагийн Их сургуулийн зочин судлаач П.Увш “АНУ дахь Монгол иргэд”, Пенсильванийн Их сургуулиийн Зүүн Ази урлагийн тэнхимийн эрхлэгч, Профессор Нэнси Стейнхардт “Амарбаясгалан хийд” сэдвээр тус тус илтгэл тавьж, өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Конгрессын номын санд үргэлжлэн явагдсан хурлын 2 дугаар хэсэгт Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр “Дэлхийн 1 дүгээр дайны төгсгөл ба Монгол Улс”, Палеонтологич М.Болорцэцэг “Монгол гаралтай үлэг гүрвэлийн яс, олдворуудыг буцаан өгөхөд гарсан сургамж” сэдвээр илтгэл тавилаа. Түүнчлэн бага хуралд оролцогчид Конгрессын номын сангийн Азийн хэсэгт байрлах монголын холбогдолтой ховор ном, бүтээлтэй танилцав.

Энэ удаагийн бага хуралд оролцсон нийт оролцогчдод зориулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Канад Улсын Бритиш Колумбийн Их сургуулийн Азийн судлалын тэнхимийн эрхлэгч, Монгол судлаач Жулиан Диеркес, Торонтогийн Их сургуулийн Азийн тэнхимийн профессор Женнифер Пуртль нар тус тус мэндчилгээ дэвшүүлж, хурлын үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлэв. Тавигдсан илтгэлүүдийг эмхэтгэн ном болгон хэвлүүлсэн бөгөөд 2020 онд зохиогдох Монгол судлалын олон улсын 14 дүгээр бага хурлыг “Смитсониан хүрээлэн”-тэй хамтран АНУ-ын Үндэсний түүхийн музейн байранд зохион байгуулахаар тохирсон болно.

 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us