МОНГОЛ, АМЕРИКИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн бодлогын гуравдугаар зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатарын цагаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, Вашингтоны цагаар 22-ны өдөр цахимаар зохион байгуулав. Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, америкийн талын төлөөлөгчдийг Төрийн департаментын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга хатагтай М.Сингх нар тус тус ахлав.

Уулзалтад монголын талаас ГХЯ, ЕТГ, СЯ, Монгол Банк, ХЗДХЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ЭХЯ болон МХЕГ, америкийн талаас Төрийн департамент, Сангийн яам, Худалдааны төлөөлөгчийн газар, Худалдааны яам, Хөдөө аж ахуйн яам, Тээврийн яам, Хөдөлмөрийн яам болон АНУ-ын Хөгжлийн туслалцааны байгууллага мөн Мянганы сорилын сангийн төлөөлөл болох 50 орчим төлөөлөгч оролцов.

Хоёр тал зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол Улсын макроэдийн засгийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчин, экспортыг төрөлжүүлэх, худалдааг дэмжих болон АНУ-ын Энэтхэг-Номхон далайн стратегийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, санхүүжилтийн төрөл бүрийн механизмыг ашиглах, дэд бүтэц, төмөр зам, иргэний нисэх, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Түүнчлэн хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа мөн эмэгтэйчүүдийг чадавхжуулах, уул уурхайн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар зөвлөлдлөө.

Монгол Улс, АНУ-ын хооронд эдийн засгийн түншлэлийг өргөтгөх Замын зураглалыг хэрэгжүүлэх хүрээнд Эдийн засгийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, хоёр талын Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн ээлжит  уулзалтыг 2021 онд Улаанбаатар хотод зохион байгуулах асуудлыг талууд тохиров.

Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтыг 2015 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж байна.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us