МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд хилийн чанадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны Ням, 31-ний Даваа гарагуудад Вашингтон дахь Элчин сайдын яамны байранд авна. Хаяг: 2833 M Street NW, Washington DC 20007.

Сонгуульд оролцож, саналаа өгөх иргэд заавал урьдчилан бүртгүүлэх шаардлагатай бөгөөд тус ЭСЯ сонгогчдын бүртгэлийг 2021 оны 4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 9-ний өдрүүдэд хийнэ. Иргэд ЭСЯ-нд биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар бүртгүүлэх боломжтой. Сонгогчдын бүртгэлтэй холбоотой заавар, мэдээллийг жич мэдээлэх болно.

Сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь орсон буюу урьдчилан бүртгүүлсэн иргэд ЭСЯ-ны байранд биечлэн ирж саналаа өгнө. Сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9-д заасны дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтаас нэр нь хасагдсан бол сонгуульд оролцож, саналаа өгөх боломжгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, өгөх ажиллагаа нь хилийн чанадад байгаа сонгогчдын санал авах ажиллагаанд хамаарахгүй болно.

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us