OЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛАЛЫН VII БАГА ХУРАЛ ВАШИНГТОН ХОТНОО БОЛОВ

DSC_0253Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, АНУ дахь Монгол Cоёлын Төв, Монгол нийгэмлэг, Монгол Улсын Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгээс хамтран Олон улсын Монгол судлалын 7 дугаар бага хурлыг 2013 оны 5 дугаар сарын 3-4-нд Вашингтон хот дахь Элчин сайдын яамнаа зохион байгуулав. Хоёр хоног үргэлжилсэн уг бага хуралд Монгол судлалын чиглэлээр мэргэшсэн Монгол, АНУ, ОХУ, БНХАУ, ИБУИНВУ, БНСУ, Казахстан, Австрали Улсын 30 орчим эрдэмтэн судлаачдаас гадна АНУ-ын Төрийн департамент, АНУ-д амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл нийт 80 гаруй хүн оролцов.

Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл бага хурлыг нээж үг хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар монгол судлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч буйг цохон тэмдэглээд уг бага хурлын төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нараас ирүүлсэн илгээлтийг уламжлав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бага хурлын төлөөлөгчдөд хандсан илгээлтдээ Монголын төр, ард түмний өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, бага хурлыг зохион байгуулагчдад талархал илэрхийлээд “АНУ дахь Монгол соёлын төвөөс санаачилж, манай Элчин сайдын яам дэмжиж анх зохион байгуулж ирсэн энэхүү хурлын цар хүрээ жил ирэх тутам өргөжин тэлж байгаад миний бие сэтгэл хангалуун байна….Рой Андрью Чэпмэн, Оуэн Латтимор, Николас Поппе, Франсис Вүүдман Кливз, Дэнис Синьор гээд дэлхийн монгол судлалын оргил болсон эрдэмтэд АНУ-ын их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллан бүтээл судалгаагаа туурвиж ирсэн сайхан уламжлалтай. Та бүхний зохион байгуулж буй энэхүү хурал нь АНУ дахь монгол судлалыг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” хэмээн онцлов.

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин бага хурлын төлөөлөгчдөд амжилт хүсээд “энэхүү бага хурал нь Монголын өнгөрсөн, одоо, ирээдүйн түүхийн хөгжлийг тал бүрээс нь тунгаан хэлэлцэж санал бодлоо уралдуулан үнэтэй сайхан дүгнэлт, санал, гаргалгааг дэвшүүлэн Монгол судлалын цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэж тэмдгэлжээ.

Бага хурлын эхний өдөр Монголын нийгэм, түүх, урлаг соёлын асуудалд зориулсан гурван салбар хуралдаан болж МУБИС-ийн Сэтгүүлзүйн тэнхмийн эрхлэгч Ж.Батбаатар, Казахстаны Гэрэл зургийн архивын газрын дэд дарга Бауое Сатаева, ШУТИС-ийн Түүх, соёл судлалын профессорын багийн ахлагч Ю.Болдбаатар, МУИС-ийн Түүхийн тэнхмийн эрхлэгч П.Дэлгэржаргал, МУИС-ийн түүхийн тэнхмийн багш Д.Энхжаргал, Вэслэений их сургуулийн докторант Эндрю Коллвэл, Мичиганы их сургуулийн профессор Эмили Вилкокс, Беркли дэх Калифорнын их сургуулийн профессор Ц.Уранчимэг, Кент коллежийн профессор Сүнмин Юун, МУБИС-ийн багш С.Түмэндэлгэр, ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн захирал Б.Пүрэвсүрэн нарын судлаачид илтгэл тавьж хрэлэлцүүлэв. Хуралд мөн Элчин сайд Б.Алтангэрэл ИБУИНВУ дахь Монгол судлалын тухай илтгэл тавьснаас гадна Австралийн найруулагч Бэнж Бинкс оролцож, Монгол хип хопын тухай киногоо танилцуулан, сонирхсон асуултад хариулав.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Элчин сайд Б.Алтангэрэл төлөөлөгчдийг хүндэтгэн хүлээн авалт зохион байгуулав.

Бага хурлын хоёрдахь өдрийн өглөө Монгол утга зохиол, хэл шинжлэлийн салбар хуралдаан болж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадорж, МУИС-ийн Улаанбаатар Их Сургуулийн захирал С.Байгальсайхан, тэнхмийн эрхлэгч Г.Билгүдэй, Монгол судлаач Саймон Викхам-Смит, МУБИС-ийн багш Ү.Ариунболд, Монгол Соёлын Төвийн тэргүүн М.Саруул-Эрдэнэ нарын судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэв. Мөн өдрийн үдээс хойш “Монгол Нийгэмлэг”-ийн салбар хуралдаан болж Жоу Букман, Андрей Знаменски, Б.Батжаргал, Любовь Четырева, Паула Де Прист нар илтгэлээ.

Ийнхүү гадаад дахь Монгол судлалын нэг чухал үйл ажиллагаа болоод буй “Олон улсын Монгол судлалын 7 дугаар бага хурал” Вашингтон хотноо амжилттай болж өндөрлөв.

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us