ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – 2020.03.26

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

 

ЦАГ ҮЕИЙН БАЙДАЛ №3

Монгол Улсад

2020 оны 3 сарын 26-ны өдрийн байдлаар Монгол Улсад гадаад улсаас МИАТ-ын захиалгат нислэгээр ирсэн 10 иргэн COVID-19 халдварын оноштой эмчлэгдэж байгаа бол Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 1 иргэн коронавирусын халдвар авсан болох нь тогтоогдсон байна. Эмчлэгдэж буй нийт 11 хүний биеийн байдал тогтвортой байгааг ЭМЯ-наас мэдээлэв. Нас барсан хүн байхгүй.

Гадаадаас ирсэн иргэдийн дунд коронавирусын халдвар илэрсэнтэй холбогдуулан иргэдийн тусгаарлагдах хугацааг 21 хоног болгож сунгахыг Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн байна.

Өнөөдөр улсын хэмжээнд 3,500 хүн тусгаарласнаас 2,126 хүн ажиглалтад байна. Дархан-Уул аймагт нэмж 23 хүн тусгаарлагдсан бөгөөд хоёрыг нь сэжигтэй тохиолдол гэж үзэж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгааралжээ.

Тусгаарлах байрны хүрэлцээ бага байгаа тул 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс Цагааннуурын боомт, 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс Алтанбулагийн боомтыг түр хаах Улсын онцгой комиссын шийдвэр хэвээр үйлчилж байна.

Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна. Мөн их, дээд сургуулиуд, Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн завсарлуулах хугацааг 4 дүгээр сарын 30 хүртэл сунгасан байгаа.

Тусгаарлах байр болон нисэх багийн хүрэлцээ муу байгаатай холбоотойгоор төлөвлөж байсан захиалгат нислэг цуцлагдсан байна.

Өнөөдөр авсан мэдээгээр 4 сарын 2-нд Сөүл, 4 сарын 3-нд Токио хотруу нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээр нислэгт БНСУ болон Япон Улсад суугаа ЭСЯ-нд бүртгэлтэй иргэд багтах аж. Дараагийн нислэгийн асуудал тодормогц жич мэдээлэх болно.

Монгол Улсын иргэд нутаг буцах зорилгоор АНУ-аас БНХАУ, БНСУ болон Япон Улс руу зорчихгүй байхыг зөвлөж байна. Цааш нисэх нислэгийн тийзгүйгээс манай иргэд дамжин өнгөрөх нисэх онгоцны буудалд гацсан 3 тохиолдол гараад байна.

БНХАУ 3 дугаар сарын 28-ны 00.00 цагаас гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан ба энэ нь БНХАУ-аар дамжин өнгөрөх  иргэдэд мөн хамаарч байна.

Монгол Улсын иргэд АНУ-аас буцах замдаа БНСУ-д 30 хоног хүртэл, Японд 3 хоног хүртэл дамжин өнгөрөх боломжтой байдаг ч цааш нисэх тийзгүй бол БНСУ/Япон Улс хилээрээ нэвтрүүлэхгүй байгаа. Харин Япон/БНСУ-д зорчих визтэй АНУ-аас ирж буй зорчигчид Япон/БНСУ-д өөрийн зардлаар 14 хоног тусгаарлагдаж байгаа болно.

 

АНУ-д

АНУ-д коронавирусын тархалт эрчимтэй дэгдэж байгаагийн улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2020.03.13-ны өдөр онцгой байдал зарласан. Уг халдварын тархалттай тэмцэх Дэд Ерөнхийлөгч М.Пэнс тэргүүтэй тус орны Эрүүл мэндийн яам, Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн, Халдварт өвчни тэмцэх төв (CDC) зэрэг болон бусад байгууллагын төлөөлөл бүхий Шуурхай ажлын хэсэг 2020.01.29-ний өдөр байгуулагдсан. Энэхүү ажлын хэсэг өдөр бүр тогтмол мэдээ, мэдээлэл өгч байгаа билээ. Ерөнхийлөгч Д.Трамп 2020.03.16-нд коронавирусын халдварыг бууруулах 15 хоногийн аян эхлүүлсэн.

АНУ-ын Засаг, Конгресс нөхцөл байдлыг даван туулахтай холбогдсон санхүү, эдийн засгийн багц арга хэмжээ авч байна.

Коронавирусын тест өгөх, оношлуулах зэрэг ажлыг мужууд гардан хариуцаж, хийж байгаа. Мужуудын эрүүл мэндийн яамдын холбоосыг эндээс авна уу.

АНУ-ын нийт муж, тусгай нутаг дэвсэрт мөн онцгой болон эрүүл мэндийн онцгой байдлууд тус бүр зарласан. Коронавирусын халдвартай мужуудын захиргаанаас авч буй арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг эндээс авна уу.

АНУ-ын 46 муж, тусгай нутаг дэвсгэрт их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэргийг түр хаах шийдвэр гаргаад буй. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

2020.03.26-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 74 мянга гаруй коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 1300 гаруй хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийн эндээс авна уу.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Дэд Ерөнхийлөгч М.Пэнс болон коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн гишүүд 2020.03.24-ний өдөр “Fox News” сувгийн “Fox News Virtual Townhall” нэвтрүүлэгт оролцож, коронавирусын халдварыг бууруулах хүрээнд авч буй арга хэмжээ, цаашдын төлөвийн талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр Ерөнхийлөгч Д.Трамп ирэх 4 дүгээр сарын 12-ны Улаан өндөгний баяраар АНУ-ын нийгэм, эдийн засгийг буцаан хэвийн ажиллагаанд оруулах бодолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ талаар албан ёсны шийдвэр хараахан гараагүй байна. АНУ-д коронавирусын халдвар авсан хүмүүсийн 98-99 хувь нь эдгэрч байгаа статистик байгаа тул иргэдийг сандрах, айх хэрэггүй хэмээн АНУ-ын Хүний ерөнхий эмч(Surgeon General) Доктор Ж.Адамс мөн үеэр тайлбарласан болно.

Одоогоор АНУ-д байгаа монгол иргэдийн дотроос шинэ төрлийн коронавирус Covid 19-ийн халдвар аваагүй байна.

Хувийн эрүүл мэндээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Шуурхай ажлын хэсэг болон мужуудын зүгээс өгч буй өгч буй мэдээ, мэдээлэл, зөвлөмж, шийдвэр, зөвлөгөөг (social-distancing, shelter-in-place, stay at home гэх мэт) мөрдөж, сонор, сэрэмжтэй байхыг иргэддээ дахин уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.coronavirus.gov/ цахим хуудаснаас авна уу.

Америкийн Монгол эмч нарын холбооноос коронавирусын тархалт болон эрүүл мэндийн бусад асуудлаар АНУ дахь монгол иргэддээ аргазүйн болон бусад зөвлөгөө, мэдээлэл өгөх зэргээр Элчин сайдын яамтай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлье. Монгол иргэд тус холбоотой 312 972 5084 утсаар болон Фэйсбүүк хуудсаар нь дамжуулан холбогдож, оршин суугаа муж дахь эрүүл мэндийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой байна.

 

АНУ-д байрлаж буй Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард  Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота ,Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг:  monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай  тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002.

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род  Айлэнд )
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГн утас: 212- 861-9460,  212-472-6517
  • Яаралтай  тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

Like us

Follow us