ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №14
МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №14
2020.04.07
Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.
Монгол Улсад
COVID-19 халдвар бүртгэгдсэн | 15 |
Эмчлэгдэж буй | 11 |
Эдгэрч эмнэлгээс гарсан | 4 |
Ажиглалтад | 1530 |
Ажиглалтад байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн | 323 |
2020.04.07-ны байдлаар ХӨСҮТ-т эмчлүүлж буй 13 хүнээс хоёр хүн эдгэж эмнэлгээс гарсан байна. Эдгээр хүмүүсийн таван төрлийн шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд цаашид 14 хоног тусгаарлагдаж, хяналтыг үргэлжлүүлэх юм. Улсын хэмжээнд ажиглалтад 1530 хүн байна. Тэдгээрээс 183 хүн ХӨСҮТ-д байгааг ЭМЯ-наас мэдээлэв. Түүнчлэн 2020.04.06-нд 547 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.
2020.04.03-ны өдрийн Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 182 зорчигчийн шинжилгээ, мөн хяналтын 25 хүний шинжилгээгээр коронавирус илрээгүй байна.
Коронавирусын халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор ХӨСҮТ дэх Covid-19-ийн лабораторийн шугамыг 2020.04.06-нд нэгээр нэмэгдүүлж, ашиглалтад оруулжээ. Ингэснээр иргэд өөрийн хүсэлтээр коронавирусын шинжилгээ өгөх боломж нээгдсэн байна.
ЭМЯ-наас ард иргэддээ хандаж коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сулруулахгүй байх, ариун цэврийг чанд сахих, амны хаалтыг тогтмол зүүх, бие биеэсээ 2м зай барих талаар дахин зөвлөж, анхааруулжээ.
- Эрүүл мэндийн яамны 2020.04.07-ны өдрийн ХБХ-ын мэдээллийг энд дарж үзнэ үү.
УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2020.04.07-нд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах турхай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан байна.
Хуулийн төсөлд дараах үндсэн чиглэлийг тусгажээ. Үүнд:
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн “Эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах” заалтын хэрэгжилтийг бодит байдалд нийцүүлэх, эрчимжүүлэх;
- “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ”-ний тодорхойлолт бий болгох;
- Эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээг тодорхойлох;
- Нэн шаардлагатай үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих, эрүүл мэндийн байгууллагын чиг үүргийг нарийвчлан тодорхойлох;
- Үндэсний хэмжээнд эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээллийн асуудлыг зохицуулах захиргааны хэм хэмжээний акт боловсруулах;
- Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд тулгуурлан эрт илрүүлэх үзлэгийг зохицуулах нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт боловсруулж, аж ахуйн нэгжийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх;
- Эмгэг судлалын амьд ахуйн эд эсийн шинжилгээ, нас барагчийн цогцсыг сургалт, судалгааны зорилгоор ашиглах харилцааг зохицуулах хэм хэмжээний акт батлах заалт нэмэх;
- Хуулийн заалтын давхардлыг арилгах;
- Үйлчлүүлэгчийн хувь хүний нууцтай холбоотой эрүүл мэндийн мэдээ мэдээлэл шаардах, дарамтлах, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олон нийтийн мэдээллийн сүлжээнд байршуулахыг хориглох талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүлээх үүргийг тодорхой болгох зэрэг хэд хэдэн нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
- Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Монгол хүний төрөө дээдэлдэг уламжлал тус дэм болж байгаа талаарх ярилцлагыг энд дарж үзнэ үү.
Монгол Улсад коронавируст халдвар (COVID-19)-ын тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн ирж буй тул халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ-ны зүгээс гадаад улсаас ирэх иргэдэд коронавирусын шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байгаа.
Иймд БНСУ-д байгаа иргэд дараах эмнэлгүүдэд коронавирусын шинжилгээнд хамрагдах боломжтой байна. Шинжилгээ хийх эмнэлгийн хаяг, байршлыг энд дарж үзнэ үү.
Харин АНУ, Япон зэрэг орнууд халдварын шинж тэмдэг илрээгүй тохиолдолд шинжилгээ хийхгүй байгаа болно. Иймд хэрэв 2020.04.08-ны Сөүл-Улаанбаатарын нислэгт хамрагдах бол Сөүл хотод шинжилгээнд хамрагдах болж байгааг анхаарна уу.
2020.03.23-наас Цагааннуурын боомт, 2020.03.28-наас Алтанбулагийн боомтыг түр хаах УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.
- ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Өнөөдрийн байдлаар 45 улс, бүс нутгаас нийт 6,313 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан тухай ярилцлагыг энд дарж үзнэ үү.
- Цаг үеийн асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын өгсөн ярилцлагыг энд дарж үзнэ үү.
АНУ-д
Ярилцлага: Цаг үеийн асуудлаар Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярын хийсэн мэдээллийг энд дарж үзнэ үү.
Цаг үеийн мэдээлэл: Тоо, статистик: 2020.04.07-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 370 гаруй мянган коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 11,000 орчим хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу.
Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа зэрэг мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 8,400 гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байна. 2020.04.06-ны өдөр болсон Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсэг, АНУ-ын нийт мужийн Амбан захирагч нарын ээлжит теле-бага хурлын үеэр уг ажлын хэсгээс нийслэл Вашингтон хотын бүс нутгийг халдварын голомтхэмээн тодорхойлоод байна. Вашингтон хотын бүс нутагт “stay home” төрлийн хөл хориог бүрэн тогтоож, иргэдийг онцын шаардлагагүй хэргээр гэрээс гарахыг холбогдох захирамжаар хориглоод байна. Тус ЭСЯ-наас энэхүү нөхцөл байдалд уялдуулан иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж, АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулан тогтмол шинэчлэн хүргэж ирсэн бөгөөд энэхүү мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна. Дашрамд дурдахад Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамны байрладаг байранд шинэ төрлийн коронавирусын халдвар илэрсэн тохиолдол гарсан бөгөөд улмаар тухайн барилгад нь яаралтай халдваргүйжүүлэлт хийгдэж байгааг иргэд анхаарна буйзаа.
– Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн шинжээчид болон АНУ-ын Хүний ерөнхий эмч Др.Ж.Адамс нарын мэргэжлийн хүмүүсийн тооцож байгаагаар АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын хамгийн хүнд үе 2020.04.06-ны долоо хоногт ноогдож байгаа тул иргэд онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, гэрээс гарах бол Халдварт өвчинтэй тэмцэх төв (CDC) болон Шуурхай ажлын хэсгээс өгч ирсэн зөвлөмжүүдийг сахин хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарахыг уриалж байна.
Коронавирусын халдварыг бууруулах аян 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Мужуудын зүгээс авч байгаа арга хэмжээ: АНУ-ын нийт муж, тусгай нутаг дэвсгэрт коронавирусын халдварыг бууруулахад чиглэсэн янз бүрийн түвшний хязгаарлалтын чанартай арга хэмжээнүүдийг аваад байна. Эдгээрийн талаарх мэдээллийг эндээс авна уу.
Жич: Хувийн эрүүл мэндээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Шуурхай ажлын хэсэг болон мужуудын зүгээс өгч буй мэдээ, мэдээлэл, зөвлөмж, шийдвэр, зөвлөгөөг (social-distancing, shelter-in-place, stay home гэх мэт) мөрдөж, сонор, сэрэмжтэй байхыг уриалж байна.
Нүүр, амны хаалт: Коронавирусын халдварын тархалтыг тогтоон барих, бууруулах арга хэмжээний хүрээнд иргэд нүүр, амны энгийн, өдөр тутмын, гэр ахуйн нөхцөлд өөрсдөө хийж болохуйц хаалт хэрэглэж болохыг АНУ-ын Халдварт өвчинтэй тэмцэх төв (CDC)-өөс зөвлөж байгааг Шуурхай ажлын хэсгийн 2020.04.03-ны өдрийн хэвлэлийн бага хурлаар мэдээлэв. Нүүр, амны хаалт хэрэглэхийг зөвлөснөөр халдварыг бууруулахтай холбоотой бусад арга хэмжээг сулруулж байгаа явдал биш гэдгийг CDC-гээс давхар анхааруулж байгаа тул иргэд Коронавирусын халдварыг бууруулах аянд дурдсан заавар, зөвлөмжийг үргэлжлүүлэн чанд баримталж, эрүүл мэндээ хамгаалахыг онцлон уриалж байна. Тус төвөөс харин мэргэжлийн, эрүүл мэндийн салбарт хэрэглэдэг нүүр, амны хаалт хэрэглэхийг зөвлөхгүй байгааг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийн тухай мэдээллийг:
АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:
Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:
АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:
АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:
АНУ-д байгаа Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл
Монгол Улсын ДТГ-уудын хаяг:
- Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск)
- Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
- ЭСЯ-ны утас: 202-333-7117
- Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002
- Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
- Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mn, sanfrancisco.mng@gmail.com
- ЕКГ-ын утас: 415-622-4000
- Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487
- Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
- Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
- БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
- Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591
МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ