ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №18

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №18

2020.04.10

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

Монгол Улсад

COVID-19 халдвар бүртгэгдсэн 16
Эмчлэгдэж буй 12
Эдгэрч эмнэлгээс гарсан  4
Ажиглалтад 1462
Ажиглалтад  байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн 310

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2020.04.10-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж шинэ коронавирус COVID-19-тэй тэмцэх чиглэлээр УИХ-аас шуурхай авч хэрэгжүүлж буй 10 багц арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мэдээллийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Өчигдөр /2020.04.09/ улсын хэмжээнд Covid-19-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд нийт 121 хүнд коронавирусын шинжилгээ хийхэд сөрөг буюу энэхүү вирусын халдвар илрээгүй байна. Мөн 2020.04.08-нд Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 83 хүний шинжилгээнээс болон тандалтын зорилгоор авсан 30 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирусын халдвар илрээгүй.

Өнөөдрийн байдлаар нийт 1462 хүн ажиглалтад байгаа бөгөөд 167 хүн өчигдөр /2020.04.09/ ажиглалтаас гарсан байна. Ажиглалтад байгаа иргэдэд 310 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн 2020.04.10-ны байдлаар ХӨСҮТ-д 206 хүн тусгаарлагдаж байна.

БНСУ-д очсон Монгол Улсын таван иргэнээс коронавирусын халдвар илэрсэн гэх мэдээлэл өчигдөр /2020.04.09/ цахим  сүлжээгээр тархсаныг ЭМЯ-наас няцааж ташаа мэдээлэл болохыг мэдэгдэв. Өнөөдрийг хүртэл эх орондоо амьдарч байгаа иргэдийн дунд коронавирусын халдвар гараагүй бөгөөд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 12 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа. 

Коронавирусын халдварын талаар олон нийтийн сүлжээ болон ам дамжсан буруу ташаа мэдээлэлд автахгүй, зөвхөн Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа албан ёсны мэдээллийг хүлээн авч байхыг анхааруулж буй. Халдварын эрсдлийн болон тархалтын талаар худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлсэн аливаа үйлдэл гаргахаас сэргийлэх ажилд төрийн байгууллагууд хамтран тандалт, хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд хэрэв иргэн, хуулийн этгээд санаатайгаар худал мэдээлэл тараасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх юм.

Монгол Улсад зөөвөрлөгдөн ирсэн 16 хүн коронавирусын халдвар авсан болох нь лабораториор баталгаажсан бөгөөд тэдний дөрөв нь эдгэн сувилалд шилжсэн, үлдсэн 12 хүн ХӨСҮТ-д үргэлжлүүлэн эмчлүүлж байна. Халдвартай нэг хүнийг эмчлэхэд өдөрт дунджаар 800 мянган төгрөг зарцуулж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа болно. Сувилал болон тусгаарлалтад байгаа хүмүүс төлбөрөө өөрсдөө хариуцаж байна. Түүнчлэн эдгэрээд эмнэлгээс гарсан хүнийг сувилалд 14 хоног үргэлжлүүлэн ажиглах бөгөөд энэ хугацаанд 24 цагийн зайтай хоёр удаа шинжилгээ хийж, шинжилгээгээр сөрөг гарвал ажиглалтаас гаргаж байна. Өдрийн сонины сэтгүүлч эдгэрсэн иргэдтэй хийсэн ярилцлагыг эндээс үзнэ үү.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын анхааруулснаар олон хүний бөөгнөрөл халдварын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэдгийг онцолж, мөн коронавирусын халдвар залуусын дунд нэмэгдэх хандлагатай байгааг тэмдэглэжээ.

  • Эрүүл мэндийн яамны 2020.04.10-ны өдрийн ХБХ-ын мэдээллийг энд дарж үзнэ үү.

Улсын Онцгой Комисс: 2020.04.10-ны өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

Өнөөдрийн байдлаар гадаадын 43 улсаас 7624 Монгол иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна.  Тухайлбал Солонгост 2000, АНУ-д 1270, Австралид 906, Казакстанд 560, Энэтхэгт 549, Туркт 437, Их Британид 365 иргэн , мөн Японоос 300 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байна. Эдгээрийн дунд:

  • Бага насны хүүхэдтэй гэр бүл – 830
  • Эрүүл мэндийн ноцтой шалтгаантай – 86
  • Өндөр настан – 278
  • Жирэмсэн – 32
  • Бага насны хүүхэд – 307
  • Оюутан – 973
  • Орон байргүй болсон 409 иргэн байгаа аж.

Улсын Онцой Комиссын шийдвэрээр 2020.04.17-ны өдөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн онгоц нислэг үйлдэхээр төлөвлөж буй бөгөөд эл онгоцонд АНУ, Австрали болон бусад улсаас транзитаар ирэх нэн шаардлагатай иргэдээс суулгахаар төлөвлөж байгаа гэдгийг мэдээллийн үеэр онцлов.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд 1800 иргэнээ тусгай үүргийн нислэгээр татаж авсан  бол  газрын боомтоор буюу төмөр замаар авсан хүний тоо 6000 орчим байгааг УОК-оос мэдээлэв. Эрсдлийг хамгийн бага байхаар тооцоолж багадаа 7 хоног, дээд тал нь 21 хоногийн зайтай нислэг үйлдэж байна.

Өнөөдрийн байдлаар гадаадад байгаа 7 монгол иргэн шинэ коронавирусын халдвар авсан байна.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбай болон гэр хороолол, аж ахуйн нэгжүүдийн дотор орчны халдваргүйжүүлэлтийг эрчимтэй хийж байна. Өнөөдрийн байдлаар худалдаа, хүнс, үйлдвэрлэл үйлчилгээ, ахуйн үйлчилгээний газрууд, авто угаалга, авто засварын газар, өрхийн эрүүл мэндийн төв, Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод зэрэг нийт 2342 аж ахуйн нэгж, байгууллагад дотор орчны халдваргүйтгэлийг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 16 компани мананцар үүсгэгч тусгай автомат төхөөрөмжөөр үнэ төлбөргүй хийж гүйцэтгэж байна. Ариутгал халдваргүйжүүлэлт 2020.04.30-ныг дуустал нийт 13220 аж ахуйн нэгжид хийгдэх юм.

  • УОК, ГХЯ, МИАТ компанийн зүгээс гадаадад гацаад буй монгол иргэдээ татаж авах асуудлаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл өгснийг энд дарж үзнэ үү.

Жич: Дээрх тусгай үүргийн онгоц нисгэх албан ёсны шийдвэр гармагц чухам хэдэн хүнийг транзитаар авах, Сөүл-Улаанбаатарын нислэгийн тийзийг хэрхэн худалдаж авах талаар чиглэл төвөөс ирнэ. Чиглэл ирмэгц ЭСЯ-ны цахим хуудас, фэйсбүүк, твиттер хуудсаар тухай бүр мэдээлэх болно. Энэ талаарх ЭСЯ-ны мэдээллийг эндээс үзнэ үү.

2020.03.23-наас Цагааннуурын боомт, 2020.03.28-наас Алтанбулагийн боомтыг түр хаах УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

  • ГХЯ: Монголчууд төрдөө итгэж, хүлээцтэй хандах нь чухлыг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг news.mn-д өгсөн ярилцлагын үеэр онцолсон байна. Ярилцлагын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

 

АНУ-д

Цаг үеийн мэдээлэл:

Коронавирусын халдвар АНУ-д тархаж эхэлснээсээ хойш анх удаа хугарлын цэг дээр ирж байгааг Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн мэргэжилтнүүд өнөөдрийн (2020.04.10) хэвлэлийн бага хурлаар мэдээллээ. Тус улсын хэд хэдэн муж, томоохон хот суурин газарт халдварын хэмжээ огцом буюу 4 дахин нэмэгдэж байсан бол сүүлийн үед эрч суларч эхэлж байгаа, мөн Бостон, Чикаго зэрэг хотод халдварын тархалтын хэмжээ тогтворжиж байгаа зэргийг мэргэжилтнүүд мэдээлэв. Нөхцөл байдал ийм эерэг хандлагатай байгаа ч халдварын түвшин туйлдаа хүрээгүй байгааг Шуурхай ажлын хэсгээс онцолж, иргэдийг халдварын тархалт, эрчийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн ягштал хэрэгжүүлэхийг дахин уриалав.

Өнөөдрийн байдлаар АНУ-д 2 сая гаруй хүнийг коронавирусын халдварын оношлогоонд хамруулжээ. Халдварын нөхцөл байдалтай холбоотой тоо, статистик нэмэгдэж байгаа ч халдварын улмаас эмнэлэгт хэвтэх тохиолдол эрс буурч байгаа зэрэг эерэг чиг хандлага ажиглагдаж байгааг Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн мэргэжилтнүүд 2020.04.09-ний өдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мөн мэдээлсэн. Халдварын тархалт, эрчийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байна хэмээн эдгээр мэргэжилтэн үзэж, иргэдийг эдгээр арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн чухлыг онцлов.

Тоо, статистик: 2020.04.10-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 475 мянга гаруй коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 26 мянга гаруй хүн эдгэрч, 17 мянга орчим хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа зэрэг мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 13,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдээд байна. 2020.04.06-ны өдөр болсон Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсэг, АНУ-ын нийт мужийн Амбан захирагч нарын ээлжит теле-бага хурлын үеэр уг ажлын хэсгээс нийслэл Вашингтон хотын бүс нутгийг халдварын голомт хэмээн тодорхойлсон. Вашингтон хотын бүс нутагт “stay home” төрлийн хөл хориог бүрэн тогтоож, иргэдийг онцын шаардлагагүй хэргээр гэрээс гарахыг холбогдох захирамжаар хориглоод байна. Тус ЭСЯ-наас энэхүү нөхцөл байдалд уялдуулан иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж, АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулан тогтмол шинэчлэн хүргэж ирсэн бөгөөд энэхүү мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн шижээчид болон АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга(Surgeon General) Др.Ж.Адамс Др.Ж.Адамс нарын мэргэжлийн хүмүүсийн тооцож байгаагаар АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын хамгийн хүнд үе 2020.04.06-ны долоо хоног гэж үзэж байгаа тул иргэд онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, гэрээс гарах бол Халдварт өвчинтэй тэмцэх төв (CDC) болон Шуурхай ажлын хэсгээс өгч ирсэн зөвлөмжүүдийг сахин хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарахыг уриалж байна.

Коронавирусын халдварыг бууруулах аян 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Мужуудын зүгээс авч байгаа арга хэмжээ: АНУ-ын нийт муж, тусгай нутаг дэвсгэрт коронавирусын халдварыг бууруулахад чиглэгдэсэн янз бүрийн түвшний хязгаарлалтын чанартай арга хэмжээнүүдийг аваад байна. Эдгээрийн талаарх мэдээллийг эндээс авна уу.

Жич: Хувийн эрүүл мэндээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Шуурхай ажлын хэсэг болон мужуудын зүгээс өгч буй мэдээ, мэдээлэл, зөвлөмж, шийдвэр, зөвлөгөөг (social-distancing, shelter-in-place, stay home гэх мэт) мөрдөж, сонор, сэрэмжтэй байхыг уриалж байна.

Нүүр, амны хаалт: Коронавирусын халдварын тархалтыг тогтоон барих, бууруулах арга хэмжээнүүдийн хүрээнд иргэд нүүр, амны энгийн, өдөр тутмын, гэр ахуйн нөхцөлд өөрсдөө хийж болохуйц хаалт хэрэглэж болохыг АНУ-ын Халдварт өвчинтэй тэмцэх төв (CDC)-өөс зөвлөж байгааг Шуурхай ажлын хэсгийн 2020.04.03-ны өдрийн хэвлэлийн бага хурлаар мэдээлэв. Нүүр, амны хаалт хэрэглэхийг зөвлөснөөр халдварыг бууруулахтай холбоотой бусад арга хэмжээг сулруулж байгаа явдал биш гэдгийг CDC-гээс давхар анхааруулж байгаа тул иргэд Коронавирусын халдварыг бууруулах аянд дурдагдсан заавар, зөвлөмжийг үргэлжлүүлэн чанд баримталж, эрүүл мэндээ хамгаалахыг онцлон уриалж байна. Тус төвөөс харин мэргэжлийн, эрүүл мэндийн салбарт хэрэглэдэг нүүр, амны хаалт хэрэглэхийг зөвлөхгүй байгааг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. Мөн гэрийн нөхцөлд хийсэн амны хаалтыг ковбой маягийн алчуур шиг хэрэглэх тохиолдол гарч буй талаар хэвлэлээр мэдээлж, энэ нь буруу ойлголтыг үүсгэхээс гадна аюулгүй байдалд нь ноцтой үр дагавар авчирч болзошгүйг анхааруулсан байна. Иймээс иргэд өсвөр насны хүүхдүүдийн амны хаалтад анхаарал тавихыг хүсье.

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

АНУ-д байгаа Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

 

Like us

Follow us