ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №52
2020 ОНЫ II УЛИРАЛД АНУ-Д ГАЦСАН ИРГЭДИЙН ТАЛААР
ЭСЯ-НААС ХИЙСЭН АЖЛЫН ТУХАЙ
Нэг. Эх орондоо буцах хүсэлт гаргасан иргэдийн тухай:
Шинэ төрлийн коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэрээр хилийн зорчих хөдөлгөөнийг зогсоож, хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан автозамын боомтуудаар болон тусгай үүргийн нислэгүүдээр татан авч байгаа билээ.
Манай улсын иргэд олноор оршин суудаг АНУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 09-ний байдлаар АНУ-д суугаа ЭСЯ, Сан Франциско дахь ЕКГ болон НҮБ-ын дэргэд суугаа БТГ-т хандаж эх орондоо буцах хүсэлтээ гаргасан нийт 2593 иргэн байна. Тэдгээр иргэдийг хүндэтгэн үзэх шалтгааных нь дагуу ангилвал:
Хүндэтгэх шалтгаан | Вашингтон дахь ЭСЯ | Сан Франциско дахь ЕКГ | НҮБ-ын дэргэд суугаа БТГ | Нийт | |
1 | Эрүүл мэндийн шалтгаантай | 197 | 100 | 8 | 305 |
2 | Бага насны хүүхэд, асрамжлагчийн хамт | 246 | 203 | 12 | 461 |
3 | Өндөр настан, асрамжлагчийн хамт | 180 | 197 | 33 | 410 |
4 | Жирэмсэн | 11 | 11 | 1 | 23 |
5 |
Бусад: | ||||
– Оюутан | 426 | 196 | 60 | 682 | |
– Байрлах газаргүй / санхүүгийн боломжгүй | 104 | 91 | 195 | ||
– Насанд хүрээгүй хүүхэд | 10 | 28 | 38 | ||
– Бусад | 244 | 193 | 42 | 479 | |
Нийт | 1418 | 1019 | 156 | 2593 |
Хоёр. АНУ-ын визийн хугацаа нь дуусч буй иргэдэд дэмжлэг үзүүлж буй тухай:
Тус ЭСЯ нь АНУ-д цар тахал тархаж эхэлсэн цагаас хойш тус улсад оршин суугаа иргэддээ зориулан “ЭСЯ-ны мэдээлэл” гаргаж байгаагийн дотор “АНУ-ын цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлэл”, “АНУ-д сурч буй оюутнуудад өгөх зөвлөмж” мэдээллийг боловсруулж, тухай бүр цахим хуудастаа шинэчлэн байршуулж байна.
АНУ-д түр хугацаагаар ирээд цар тахлын улмаас нутаг буцах боломжгүй байгаа, визийн хугацаа нь дуусч буй Монгол Улсын иргэдийн визээ сунгуулах хүсэлтийг нааштайгаар хүлээн авч, дэмжлэг үзүүлэх хүсэлтийг тус ЭСЯ-наас АНУ-ын Төрийн Департмент, Дотоодын аюулгүй байдлын яам, Иргэншил, цагаачлалын албанд ноот бичгээр хэд хэдэн удаа хүргүүлсэн. Элчин сайд Ё.Отгонбаяр АНУ-ын холбогдох албаны хүмүүстэй уулзахдаа энэ асуудал, түүний дотор Солилцооны хөтөлбөрийн дагуу J1 визээр ирсэн оюутан, сурагчдын визийг сунгах асуудлыг удаа дараа хөндөж ярилцсан болно.
УОК-оос хилийн зорчих хөдөлгөөнийг зогсоох тухай шийдвэр гаргасантай холбогдуулан манай улсын иргэд эх орондоо буцах боломжгүй байгаа талаар мэдээлж, иргэдэд визээ сунгуулахад нь хүсэлтэд дэмжлэг үзүүлэх захидлыг ЭСЯ-ны цахим хуудаст тухай бүр шинэчлэн байршуулж, өөрийн нэр дурдсан захидал авах хүсэлт гаргасан 382 иргэнд АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд хандсан ЭСЯ,ЕКГ-ын албан захидал үйлдэж өгсөн болно.
Гурав. Орон байр, санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд тусламж үзүүлэх чиглэлээр:
Тус ЭСЯ өнөөдрийн байдлаар АНУ-д үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудтай хамтран АНУ-д түр хугацаагаар ирээд гацсан эрүүл мэндийн шалтгаантай, байргүй, мөнгөгүй нийт 100 гаруй иргэнд тусламж үзүүлэх ажил зохион байгуулаад байна. Тухайлбал, 87 иргэнд тус бүр 20 кг гурил, 10 кг цагаан будаа, 4 литр ургамлын тос, өндөг, ногоо зэрэг хүнсний тусламж үзүлснээс гадна орон байргүй болж санхүүгийн хүндрэлд орсон иргэн Б, арьсны өвчин нь хүндэрч, байргүй болсон иргэн Г, орон байргүй оюутан Н, Г нарт нийт 1200 ам.долларын байрны түрээсийн төлбөр, санхүүгийн хүндрэлд орсон нэр бүхий 10 иргэний гэр бүлд нийт 1370 ам.долларын бэлэн мөнгө болон эд материалын дэмжлэг үзүүлэв. Чикаго хотод саатсан иргэн Н, Н нарт байр олж өгсөн.
Үүний зэрэгцээ АНУ дахь Монгол эмч нарын холбоотой хамтран зарим иргэнд нэн шаардлагатай эм авахад туслалцаа үзүүлсээр байна. Зүрхний хагалгаанд орсон иргэн Э эмчид үзүүлэхэд туслав. Мэргэжлийн сэтгэл зүйч Х.Төгөлдөртэй хамтран зарим иргэдэд сэтгэл зүйн мэргэжлийн зөвлөлгөө өгч байна.
Дөрөв. Иргэдэд хөнгөлөлттэй нөхцлөөр эмнэлгийн үйлчилгээ авахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр:
АНУ-д коронавируст халдварын тархалт өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан, иргэдийг “Номин Даатгал” ХХК, “Ард Даатгал” ХХК-ийн ”Гадаадад зорчигчийн даатгал”-д хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар АНУ-д зорчиж буй манай улсын 40 гаруй иргэд гадаадад зорчигчийн даатгалд хамрагджээ.
Тус ЭСЯ-нд эрүүл мэндийн асуудлаар хандаж буй иргэдийг Вашингтон ДиСи хот орчмын Монголын Эмч нарын холбооны гишүүн, эмч Б.Ууганбаяртай холбон өгч, хамтран ажиллаж байна. Тэрээр Вашингтон ДиСи хот гэлтгүй бусад мужид оршин сууж байгаа хүсэлт гаргасан иргэдэд эрүүл мэндтэй холбоотой асуудлаар байнга утсаар зөвлөлгөө өгч, шаардлагатай иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсээр байгаа юм. Тухайлбал, тэрээр АНУ-д коронавируст цар тахал дэгдснээс хойш монгол иргэд санхүүгийн хүндрэлийн улмаас эмнэлэгт үзүүлэх боломжгүй болсон 300 гаруй иргэнийг эмчилгээ-оношлогоонд хамруулж, коронавирусын халдвар авсан иргэдийг үнэ төлбөргүй эмчилсээр байгаа болно.
Түүнчлэн тус ЭСЯ нь АНУ-ын Чикаго хотын Монгол Эмч, Эрүүл мэндийн ажилтны холбоо ТББ-тай хамтран ажиллаж байна. АНУ-ын дийлэнх эмнэлэг зөвхөн яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлж байгаа энэ цаг үед АНУ-ын олон мужаас тус холбооны эмч нараас дэмжлэг туслалцаа авчээ. Өнөөдрийн байдлаар тус холбооноос 914 иргэнд Ковид-19-ийн талаар, 30 гаруй иргэнд чихрийн шижин, даралт ихсэх, зүрх, уушигны болон бусад архаг хууч өвчний талаар утсаар зөвлөлгөө өгч, зарим шаардлагатай эм бэлдмэлийг ЭСЯ-тай хамтран шуудангаар хүргүүлэв.
Тав. Дотоод нөөц боломж, харилцаа холбоо, иргэдийн мэдээлэлд үндэслэн цар тахлын эрсдлийн тухай мэдээлэл гаргаж олон нийтэд мэдээлэх, Монгол Улсын Засгийн газар, УОК-т хүргүүлэх, шийдвэрт нь нөлөөлөх чиглэлээр:
Тус ЭСЯ нь Монгол Улс болон суугаа орон дахь цар тахлын нөхцөл байдал, АНУ-ын Засаг захиргаа болон Монгол Улсын Онцгой байдлын комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ЭСЯ-ны үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор “ЭСЯ-ны мэдээлэл” боловсруулж, 2020 оны 7 дугаар сарын 09-нийг хүртэлх хугацаанд 51 дугаар гаргасан байна.
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг шуурхай хүргэх, АНУ дахь коронавирусын тархалт, түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээ мэдээллийг ГХЯ-ны Консулын газар болон ГХЯ-аар дамжуулан Засгийн газар, УОК-т тухай бүр хүргүүлэн ажиллаж байна. Тухайлбал, АНУ-д өдөрт хичнээн иргэн цар тахлын халдвар авсан, нас барсан, эдгэрсэн, шинжилгээнд хамрагдсан иргэдийн тоо зэрэг статистик мэдээг өдөр бүр, АНУ-ын Засаг захиргаанаас Ковид-19-тэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга, танилцуулах мэдээ, шуурхай мэдээг 100 гаруй удаа явуулжээ. Түүнчлэн, тус ЭСЯ-наас 2020 оны эхний хагас жилд буюу 7 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нийт 8580 иргэнд консулын үйлчилгээ үзүүлж, 6,220 иргэний санал, хүсэлтэд зохих хариулт, зөвлөгөө өгч давхардсан тоогоор 21,020 иргэнд хүрч ажиллав.
Үүний зэрэгцээ АНУ-д суугаа ДТГ-ууд эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлэн хандсан 3,199 иргэний хүсэлтийг хүлээн авч УОК-т тухай бүр уламжилж ирсэн. Өнөөдрийн байдлаар байдлаар АНУ-д гацаад байсан 631 иргэн нутаг буцаад байна.
ЭСЯ-ны зүгээс нутаг буцах хүсэлт гаргасан эдгээр иргэдийн асуудлаар ГХЯ, УОК зэрэг байгууллага, мөн АНУ-ын Төрийн департамент, Дотоодын аюулгүй байдлын яам, Тээврийн яам зэрэг эрх бүхий байгууллагатай хамтран ажилласнаар энэ оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар-Сиатл-Улаанбаатар чиглэлд Монгол Улс, АНУ-ын хооронд зорчигч тээврийн анхны шууд нислэгийг үйлдэж, АНУ-д гацсан 255 иргэнээ нутаг буцаав.
Ийнхүү Монгол Улсын Засгийн газар, УОК -ийн зүгээс гадаадад гацсан иргэдийн нөхцөл байдлыг ойлгож, шат дараатай арга хэмжээг авч байгаа бөгөөд ЭСЯ-наас дараагийн тусгай үүргийн нислэг үйлдэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байна. АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудаас хүргүүлсэн мэдээллийн дагуу УОК-оос 4 дүгээр сарын 30-ны өдрийн Сөүл-Улаанбаатарын транзит нислэгийн зорчигчдын 70% гаруй, 6 дугаар сарын 17-ны Сөүл-Улаанбаатарын транзит нислэгийн зорчигчдын 50% орчмыг АНУ-д гацсан иргэдээс авах шийдвэр гаргасан бөгөөд 7 дугаар сарын 15-ны өдрийн Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр 279 иргэн буцахаар болоод байна. Түүнчлэн 6 сарын 23-ны Сиатл-Улаанбаатарын шууд нислэгээр АНУ-аас 255 иргэн эх орондоо буцсан байна.
Зургаа. Цар тахлын үед ЭСЯ-ны дотоодод авсан арга хэмжээний тухай
АНУ-д цар тахлын халдвар эрс нэмэгдэж буйтай холбогдуулан тус ЭСЯ УОК-ын шийдвэрийн дагуу 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн консулын үйлчилгээг баталгаат шуудангаар болон цахимаар үзүүлж байна.
Энэхүү арга хэмжээ нь халдварт өвчний тархалтын эсрэг АНУ-ын Засаг захиргаанаас явуулж буй бодлого, гаргаж буй шийдвэртэй уялдаж буй бөгөөд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд шинэ төрлийн коронавируст халдвар (Covid-19) дамжуулах цэг болох эрсдэлийг бууруулж, иргэдийг цар тахлын халдвар авахаас урьдчилан сэргийлэх зорилготой болно.
ЭСЯ-ны хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор ариутгал, халдваргүйжүүлэлтийн горимыг мөрдөж, хамгаалалтын хэрэгсэл ашиглан ажиллаж байна.
Монгол Улс, АНУ-ын хооронд зорчигч тээврийн анхны шууд нислэг Сиатл-Улаанбаатар чиглэлд үйлдэхтэй холбогдуулан Элчин сайд Ё.Отгонбаяр болон ЭСЯ-ны төлөөлөл 6 дугаар сарын 21-24-ний өдөр Сиатл хотод ажилласан бөгөөд уг нислэгээр эх орондоо буцсан зорчигчдын дундаас ковид-19-ийн халдвар илэрсэнтэй холбогдуулан тэд 10 хоног тусгаарлагдаж, 2 удаа шинжилгээнд хамрагдсан хариугаа авсны дараа үүрэгт ажилдаа ороод байна.
Цар тахлын нөхцөд байдалд ЭСЯ-ны ажлыг үндсэнд нь иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд чиглүүлж, утасны автомат хариулагчийг зогсоож, иргэдийн асуулт, хүсэлтийг хүлээн авч, хариулах ажил зохиолоо. Зөвхөн тус ЭСЯ гэхэд л 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс хойш АНУ-д гацсан иргэдийн хүсэлттэй холбоотой 6,016 цахим шуудан, 14,472 утасны дуудлага хүлээн авч, иргэдэд холбогдох мэдээлэл, зөвлөлгөө өгөв.
Цар тахлын аюулаас хамгаалах, иргэдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ЭСЯ-наас II улиралд хийгдсэн ажлыг толилуулав.
МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр