ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №57

МОНГОЛ, АМЕРИКИЙН ХООРОНДЫН 3 ДАХЬ УДААГИЙН ТУСГАЙ ҮҮРГИЙН ШУУД НИСЛЭГЭЭР 257 ИРГЭН ЭХ ОРНОО ЗОРИЛОО

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр МИАТ ХК-ийн тусгай үүргийн онгоц Сиаттл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж, АНУ-д гацаад байгаа 257 иргэн эх орон руугаа буцлаа.

Тусгай үүргийн нислэгийг угтах, үдэх, нислэгтэй холбоотой хоёр талын зохицуулалтуудыг хийх, тус нислэгт хамрагдсан монгол иргэдийг бүртгэх, тэдгээрийн ачаа тээшийг хүлээлгэн өгөх зэрэг ажлыг Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам болон Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газартай хамтран зохион байгуулав.

МИАТ ХК-ийн энэхүү тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд АНУ-ын Сиаттл хот руу хийж байгаа гурав дахь удаагийн нислэг юм. Энэ удаагийн болон өмнөх нислэгүүдийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа АНУ-ын Төрийн департамент, Дотоодын аюулгүй байдлын яам, Тээврийн яам, Холбооны нислэгийн удирдах алба, Тээврийн аюулгүй байдлын алба, Хил, гаалийн алба болон Сиаттл хотын нисэх онгоцны буудал зэрэг байгууллагад Вашингтон дахь Элчин сайдын яамны зүгээс гүн талархал илэрхийлж байна.

Элчин сайдын яамны зүгээс иргэдээ буцаах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах болно.

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2020-09-01

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us