АНУ-Д ХУРААГДСАН СОЁЛЫН ӨВ БОЛОХ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРУУДЫГ МОНГОЛ УЛС РУУ ТЭЭВЭРЛЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

АНУ-ын Засгийн газар манай улсад 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгөөд байна.АНУ-д хураагдсан Монгол Улсын соёлын өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах ёслолын ажиллагаа 2023 оны наймдугаар сарын 3-ны өдөр АНУ-ын Конгрессын номын санд болж, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-ын талаас Дотоодын аюулгүй байдлын яамны мөрдөн байцаах агентлагийн захирал Катрина Бэргер болон Конгрессын номын сангийн дэд захирал Ханна Сомерс тэргүүтэй 70 гаруй төлөөлөгч оролцсон.Эдгээр олдворуудын дунд АНУ-ын жүжигчин Николас Кейжийн дуудлага худалдаанаас авч, хожим хүлээлгэн өгсөн “Tyrannosaurus Bataar” болон “Tyrannosauridae” бүлд хамаарах “Alioramus” үлэг гүрвэлийн яс зэрэг онцлох олдворууд багтаж байна. “Alioramus” үлэг гүрвэлийн яс нь зөвхөн монголын нутаг дэвсгэрээс олддог, өмнө нь олдож байсан энэ төрлийн олдворуудаас хамгийн сайн буюу бүтэн хадгалагдсан олдвор тул цаашид шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой, нарийвчлан судлах шаардлагатай олдвор болохыг судлаачид онцолж байна. Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу Монголын газар нутгаас олдсон үлэг гүрвэлийн олдвор нь Монгол Улсын соёлын өвд тооцогддог бөгөөд төрийн өмч юм. Олдворыг монголоос гаралтай болох нь шүүхийн байгууллагаар тогтоогдвол Монгол Улсад хүлээлгэн өгөх эрх зүйн үндэслэл бүрддэг бөгөөд 2012, 2014, 2016, 2019 онуудад үлэг гүрвэлийн олдворуудыг тус тус хүлээн авч байсан. Эдгээрээс олон нийтэд танигдсан хамгийн тод жишээ нь 2012-2013 онд буцаан авч байсан “Тарбозавр Батаар”-ын олдвор юм. Элчин сайдын яам Палеонтологийн шинжлэх ухааны үнэт зүйл болох түүхэн олдворуудыг нээн илрүүлэх, үнэн мөнийг тогтоох, улмаар хууль ёсны өмчлөгчид нь шилжүүлэх ажиллагаанд АНУ-ын шүүх, прокурорын газар, Дотоодын аюулгүй байдлын яам, Гааль, хил хамгааллын алба, бусад хууль сахиулах албаныхан болон Америкийн Монгол судлалын төвийн гүйцэтгэх захирал, Нью-Йорк хот дахь Байгалийн түүхийн музейн судлаач, палеонтологич, доктор М.Болорцэцэг нартай 2012 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж, олон хүний нөр их хөдөлмөрийн үр дүнд ийнхүү Монголдоо буцаж байна.Энэ дашрамд Монгол Улсын соёлын өвийг хамгаалах, эх оронд нь буцаан авчрах ажилд хамтран ажиллаж буй Монгол Улсын Гадаад харилцааны яам, Соёлын яам, палеонтологич, доктор М.Болорцэцэг нарт талархал илэрхийлье.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us