ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №21
МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №21
2020.04.14
Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.
Монгол Улсад
COVID-19 халдвар бүртгэгдсэн | 30 |
Эмчлэгдэж буй | 25 |
Эдгэрч эмнэлгээс гарсан | 5 |
Ажиглалтад | 1678 |
Ажиглалтад байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн | 310 |
Өнөөдөр буюу 2020.04.14-нд нэг өвчтөн эдгэрч, нийтдээ таван хүн эдгэрэн ХӨСҮТ-ээс гарч гэрийн тусгаарлалтад орсон байна.
Энэ сарын 12-нд ОХУ-аас ирсэн 282 хүнээс 20 хүнийг сэжигтэй гэж үзэн тусгаарласан байснаас нэгд нь COVID-19 халдвар батлагдсан. Тухайн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 31 хүнээс шинжилгээ авахад 13 хүн коронавирусын халдвартай болох нь тогтоогдсон байна. Тодруулбал, сүүлд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нь Москва хотод сурч байсан хүмүүс учраас ирсэн 31 оюутныг ойрын хавьтал гэж үзэж шинжилгээ авсан байна. ОХУ-аас ирсэн тохиолдлуудын мэдээллээр тухайн сургуулиас өвчлөл бүртгэгдсэн байна. Цаашид ХӨСҮТ-өөс шинжилгээ үргэлжлүүлэн хийж байгаа.
Өнөөдөр /2020.04.14/ Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс сэжигтэй тохиолдол илэрсэн учраас түргэвчилсэн оношлуураар оношлоход коронавирусын халдвар авсан буюу эерэг гарсан байна. Иймд ХӨСҮТ-өөс түргэвчилсэн оношлуураар вирусын халдвар эерэг гарсан 2 сэжигтэй тохиолдолд дахин нарийн шинжилгээ хийхэд сөрөг буюу коронавирус илрээгүй байна.
Тус хоёр өвчтөний нэг нь өвчний улмаас эмнэлэгт удаан хэвтэн эмчлүүлж байсан 80 гаруй насны хүн байгаа бол нөгөөх нь амбулаториор үйлчлүүлж байсан хүн байна. Эрсдлийг тооцоолон хурдавчилсан оношлуураар уг сэжигтэй хоёр хүнд шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарчээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 504 хүнд шинжилгээ хийсэн байна.
Эрсдлийн үнэлгээгээр Монгол Улсад халдвар тархах эрсдэл маш өндөр байна. Тиймээс иргэд эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж хэрэгжүүлэх нь нэн чухал юм.
- Эрүүл мэндийн яамны 2020.04.14-ний өдрийн ХБХ-ын мэдээллийг энд дарж үзнэ үү.
2020.04.14-нд Улсын онцгой комиссын 17 дугаар хурал болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод байгаа Монгол Улсын 50 иргэнийг эх орондоо татан авч ирэхээр болов. Эдгээр иргэдийн дийлэнх нь 18-45 насныхан бөгөөд 20 орчим нь бага насны хүүхдүүд, өндөр настан байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед дагаж мөрдөж байгаа халдвар хамгааллын дэглэм, гадаадаас ирж байгаа иргэдэд тавьж буй бүх төрлийн шаардлагыг тэд биелүүлэх юм. Үүнд тусгаарлагдах хугацааны байр хоолны зардлыг төлөх, хориглолтын дэглэмийг мөрдөх багтаж байгаа билээ. Төлбөрөө төлөөгүй иргэдийг авахгүй, авчирсан тохиолдолд цаашид хилээр гарах эрхийг хасах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг УОК-ын дарга холбогдох албан тушаалтнуудад хатуу үүрэг болгосон.
Их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгалаа. Ингэснээр 2020 оны хичээлийн жилийн танхимын сургалт цаашид явагдахгүй бөгөөд теле хичээл, онлайн сургалтаар 2020 оны 06 дугаар сарын 01 хүртэл хичээл сургалт үргэлжлэх болов. Оюутан, сурагчид улирахгүй, тухайн жилийн сургалтаа дуусгаж, анги дэвшинэ. Анги дэвших шалгалтыг аль ч түвшинд зохион байгуулахгүй. Сургуулиуд оюутан сурагчдынхаа жилийн эцсийн дүнг хорио цээр тогтоохоос өмнөх танхимын сургалтаар авсан эхний хагас жилийн дүнгээр тооцон гаргахыг үүрэг болгож байна. Мөн есдүгээр анги төгсөгчдийн дунд босго оноо тогтоохгүй гэв.
Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ыг 2020 оны 07 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд орон даяар цахимаар явуулж, их дээд сургуулийн элсэлтийг 2020 оны 07 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулна. Мөн энэхүү онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан авч буй бас нэг арга хэмжээ нь ЭЕШ өгч буй хүмүүсээс заавал авах ёстой, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталгаажсан “Монгол, хэл бичгийн шалгалт”-ыг энэ жил авахгүй байхаар БСШУСЯ-аас шийдвэрлэж, холбогдох зөвшөөрлийг авахаар ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 28,155 сурагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ.
2020 оны хичээлийн жилийн оюутнуудын төгсөлт, 2021 оны хичээлийн шинэ жилийн сургууль, цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн арга хэмжээг 2020 оны 08 дугаар 15-ны өдрөөс зохион байгуулахаар урьдчилан төлөвлөж байна.
Мөн өдрийн хурлаар Нийслэлийн хороодын хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаагийн эрх олгохыг зөвшөөрөв. Энэ нь Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд иргэдийн дунд хяналт хариуцлагыг сайжруулах зоилготой юм. Иргэдийн анхаарал сэрэмж буурч, шаардлагагүй зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гудамж талбайд нус цэр хаях, амны хаалт хэрэглэхгүй байх, архидан согтуурах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, бөөгнөрөл үүсгэх зэрэг хэв журам зөрчих тохиолдол нэмэгдэж байгаа үед нийслэлийн хэмжээнд сургалтад хамрагдаж мэргэшсэн 1700 гаруй хэсгийн ахлагч нар 170 гаруй хорооны иргэддээ хүрч ажиллахаар болж байна. Шаардлагатай тохиолдолд зөвшөөрөгдсөн эрх хэмжээний хүрээнд зөрчил гаргасан иргэдэд хариуцлага тооцоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
- Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Эрээн хотод байгаа 50 иргэнээ татаж авах талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.
- БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Хичээл сургалтын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 1-н хүртэл зогсоох шийдвэр гаргасан талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.
- Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрүүд болон цаг үеийн асуудлаар УОК-ын Шуурхай штабын мэдээллийг энд дарж үзнэ үү.
Гадаадаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн тоо 8,000 дөхсөн байгааг ОБЕГ-ын дарга Т.Бадрал УОК-ын Шуурхай штабаас хийсэн өнөөдрийн мэдээллийн үеэр хэлсэн юм.
Тэрээр Хан-Уул дүүрэгт баригдаж буй эмнэлэг ашиглалтад орвол гаднаас иргэдээ татан авах боломжтой гэсэн байна.
Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг 2020.06.01-нд хүлээн авч, эхний ээлжинд коронавирусын тусгаарлалтад ашиглах УОК-ийн шийдвэр гарсан. 300 ортой тус эмнэлэг нь дотроо 800 өрөөтэй юм. Тиймээс эмнэлгийг ашиглалтад оруулах асуудлыг Засгийн газар бүх талаар хариуцаж ажиллаж байгааг онцолжээ.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020.04.13-ны өдрийн ээлжит бус хурлаар 1) бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 9 хувь болгох, 2) эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргалаа.
Шинэ коронавирусын дэгдэлт үргэлжилж, эдийн засгийн гадаад, дотоод нөхцлийг богино хугацаанд өөрчилж, тодорхой бус байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн идэвхжлийг бууруулах, бизнессийн үйл ажиллагааг хумих, улмаар зээлдэгчдийн эргэн төлөлт хүндрэх зэрэг нөлөөг үзүүлж байна. Иймээс вирусээс үүдэлтэй эдгээр хүндрэлийг бууруулах, цаашид эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд чиглэсэн мөнгөний болон макро зохистой бодлогын шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг болно гэжээ.
2020.03.23-наас Цагааннуурын боомт, 2020.03.28-наас Алтанбулагийн боомтыг түр хаах УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.
АНУ-д
Цаг үеийн мэдээлэл:
Тоо, статистик: 2020.04.14-ний байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 590 орчим мянган коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 43 мянга гаруй хүн эдгэрч, 23 мянга орчим хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу. Өнөөдрийн байдлаар АНУ-д 3 сая гаруй хүнийг коронавирусын халдварын оношлогоонд хамруулжээ.
Өнгөрсөн өдрүүдийн нөхцөл байдлаас харахад АНУ-д коронавирусын халдварын тохиолдол шинээр илрэх явдал ялимгүй багасч, нэг түвшинд байж, Нью Йорк, Нью Жерси, Мичиган, Лүизиана зэрэг мужид халдварын улмаас эмнэлэгт хэвтэх хандлага буурч байгаа зэргийг Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн 2020.04.13-ны өдрийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв. Түүнчлэн Нью Орлеанс, Детройт, Чикаго, Хьюстон зэрэг хотод авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байна хэмээн Шуурхай ажлын хэсгийн мэрэгжилтүүд үзэж байгаагаа мөн үеэр мэдээлэв.
Нөхцөл байдал эерэг хандлагатай байгаа ч иргэдийг халдварын тархалт, эрчийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн ягштал хэрэгжүүлэхийг Шуурхай ажлын хэсгээс 2020.04.10-ны өдөр уриалсан.
Халдварын нөхцөл байдал муж, орон нутгийн захиргаа тус бүрээр харилцан адилгүй, өөр байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байж, анхаарлаа сулруулахгүй байхыг уриалж, сануулж байна.
Коронавирусын халдварыг бууруулах аян 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
АНУ-ын Засаг захиргааны зүгээс тус орны нийгэм, эдийн засгийн байдлыг хэвийн байдалд буцааж оруулах, хязгаарлалтын арга хэмжээнүүдийг шат дараалан бууруулах талаар ярьж эхэлсэн бөгөөд эдгээрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ тухай бүр цахим хуудсаараа дамжуулан мэдээлэх болно.
Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа зэрэг мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 17,500 орчим халдварын тохиолдол бүртгэгдээд байна. 2020.04.06-ны өдөр болсон Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсэг, АНУ-ын нийт мужийн Амбан захирагч нарын ээлжит теле-бага хурлын үеэр уг ажлын хэсгээс нийслэл Вашингтон хотын бүс нутгийг халдварын голомт хэмээн тодорхойлсон. Вашингтон хотын бүс нутагт “stay home” төрлийн хөл хориог бүрэн тогтоож, иргэдийг онцын шаардлагагүй хэргээр гэрээс гарахыг холбогдох захирамжаар хориглоод байна. Тус ЭСЯ-наас энэхүү нөхцөл байдалд уялдуулан иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж, АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулан тогтмол шинэчлэн хүргэж ирсэн бөгөөд энэхүү мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.
Мужуудын зүгээс авч байгаа арга хэмжээ: АНУ-ын нийт муж, тусгай нутаг дэвсгэрт коронавирусын халдварыг бууруулахад чиглэгдэсэн янз бүрийн түвшний хязгаарлалтын чанартай арга хэмжээнүүдийг аваад байна. Эдгээрийн талаарх мэдээллийг эндээс авна уу.
Жич: Хувийн эрүүл мэндээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Шуурхай ажлын хэсэг болон мужуудын зүгээс өгч буй мэдээ, мэдээлэл, зөвлөмж, шийдвэр, зөвлөгөөг (social-distancing, shelter-in-place, stay home гэх мэт) мөрдөж, сонор, сэрэмжтэй байхыг уриалж байна.
Нүүр, амны хаалт:
Коронавирусын халдварын тархалтыг тогтоон барих, бууруулах арга хэмжээнүүдийн хүрээнд иргэд нүүр, амны энгийн, өдөр тутмын, гэр ахуйн нөхцөлд өөрсдөө хийж болохуйц хаалт хэрэглэж болохыг АНУ-ын Халдварт өвчинтэй тэмцэх төв (CDC)-өөс зөвлөж байгааг Шуурхай ажлын хэсгийн 2020.04.03-ны өдрийн хэвлэлийн бага хурлаар мэдээлсэн. Нүүр, амны хаалт хэрэглэхийг зөвлөснөөр халдварыг бууруулахтай холбоотой бусад арга хэмжээг сулруулж байгаа явдал биш гэдгийг CDC-гээс давхар анхааруулж байгаа тул иргэд Коронавирусын халдварыг бууруулах аянд дурдагдсан заавар, зөвлөмжийг үргэлжлүүлэн чанд баримталж, эрүүл мэндээ хамгаалахыг онцлон уриалж байна. Тус төвөөс харин мэргэжлийн, эрүүл мэндийн салбарт хэрэглэдэг нүүр, амны хаалт хэрэглэхийг зөвлөхгүй байгааг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Дээр дурдсанаар нүүр, амны хаалтыг хүнсний дэлгүүр орох зэрэг олон нийтийн газар онц шаардлагатай шалтгаанаар явахаар бол хэрэглэж байхыг CDC-гээс зөвлөж байгаа бол зарим нэг муж, орон нутгийн захиргаанаас ийм төрлийн газраар явахдаа заавал нүүр, амны хаалт хэрэглэхийг шаардаж эхэлсэн тул иргэд оршин суугаа муж, орон нутгийн захиргааны эрүүл мэндийн байгууллагын цахим хуудас руу орж, тухайн нутаг дэвсгэрт ямар журам үйлчилж байгаатай танилцах нь зүйтэй. Мужийн эрүүл мэндийн байгууллагуудын цахим хуудсыг эндээс авна уу. Мөн гэрийн нөхцөлд хийсэн амны хаалтыг ковбой маягийн алчуур шиг хэрэглэх тохиолдол гарч буй талаар хэвлэлээр мэдээлж, энэ нь буруу ойлголтыг үүсгэхээс гадна аюулгүй байдалд нь ноцтой үр дагавар авчирч болзошгүйг анхааруулсан байна. Иймээс иргэд өсвөр насны хүүхдүүдийн амны хаалтад анхаарал тавихыг хүсье.
АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийн тухай мэдээллийг:
АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:
Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээллийг:
АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:
АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:
Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:
АНУ-д байгаа Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл
Монгол Улсын ДТГ-уудын хаяг:
- Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск)
- Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
- ЭСЯ-ны утас: 202-333-7117
- Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002
- Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
- Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mn, sanfrancisco.mng@gmail.com
- ЕКГ-ын утас: 415-622-4000
- Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487
- Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
- Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
- БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
- Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591
МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ