ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №39
МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №39
2020.05.06
Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.
Монгол Улсад
COVID-19 халдвар бүртгэгдсэн | 41 |
Эмчлэгдэж буй | 28 |
Эдгэрч эмнэлгээс гарсан | 13 |
Ажиглалтад | 1042 |
Өнөөдөр буюу 2020.05.06-нд Монгол Улсын хэмжээнд 1042 хүн тусгаарлалтад байгаа бөгөөд нийт 12 хүн тусгаарлах байрнаас гарч гэрийн ажиглалтад шилжжээ. 2020.05.03-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 273 хүнээс дахин нэг хүнд коронавирусын халдвар илэрсэн байна. ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдээс 2, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 10, тандалт судалгааны зорилгоор авсан 20 шинжилгээний хариу тус тус сөрөг гарчээ. Мөн Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 25 хүний шинжилгээнд коронавирусын халдвар илрээгүй байна. ХӨСҮТ-ийн мэдээлснээр коронавирусын халдвараар зүрхний өвчтэй, жингийн илүүдэлтэй, архаг хууч өвчтэй хүмүүс өвчилсөн тохиолдол түгээмэл байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 104 хүн хяналтад байна.2020.05.06-ны байдлаар гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 41 дэх тохиолдол бүртгэгдсэн байна.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд батлагдсан 41 тохиолдол бүртгэгдсэн. Нийт 10 удаагийн тусгай үүргийн онгоц, автомашины зорчигч нийт 4000 гаруй иргэний тандалт судалгааг хийсэн байна. Давхардсан тоогоор 11,200 иргэнд лабораторийн шинжилгээ хийжээ. Илэрсэн тохиолдлуудын 60 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдсөн, үлдсэн нь бусад улс орнуудаас зөөвөрлөгдсөн байна. Өвчтөнүүдийн хувьд 80.4 хувь нь хөнгөн, дунд хэлбэр илэрч байна. 14.6 хувь нь хүнд, хүндэвтэр, 5 хувь нь хүнд байна. Батлагдсан тохиолдлуудын 19 нь эмэгтэй, 23 нь эрэгтэй. Өвчтөнүүдийн 10 хувь хатгаагаар хүндэрсэн. Өнөөдрийн байдлаар 13 хүн эдгэрснээс дөрөв нь гадаадын иргэн байна. Мөн маш хүнд оноштой хоёр өвчтөн эдгэсэн. Вирус илэрсэн тохиолдлуудаас ихэвчлэн хоолой өвдөх, халуурах, нус гоожих шинж тэмдэг илэрч байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
УИХ-аас батласан коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль өнөөдрөөс /2020.05.06/ албан ёсоор хэрэгжиж эхлэв. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 2020.05.06-ны өдөр ээлжит хуралдаанаа хийж цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхтухай хоёр дах багц арга хэмжээний хөтөлбөрийг баталж, тогтоол гаргалаа. Үүнд:
- Цар тахлын үед төсвийн зохицуулалт хийх, зарим арга хэмжээний тухай тогтоол;
- Цар тахлын үед эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах хоёрдугаар багц арга хэмжээний тухай гэсэн хоёр тогтоол баталсан байна.
Дээрх тогтоолууд батлагдсанаар:
- 0-18 насны хүүхэд бүрт 2020.04.01-нээс 2020.10.01-ний өдөр хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 70.000 төгрөгөөр нэмэгдүүлж 100.000 болгон олгоно. Улсын хэмжээнд 1 сая 140 мянган хүүхэд мөнгөн тэтгэмж авна.
- Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд олгож байгаа хүнсний талоныг2020.05.01-нээс 2020.10.01-ний өдөр хүртэл хоёр дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр 122 мянган насанд хүрэгч 32.000 төгрөг, 118.2 мянган хүүхэд тус бүр 16.000 төгрөгийн хүнсний талоны дэмжлэг авна.
- Нийгмийн халамжийн сангаас сар бүр дараах иргэдэд олгодог 188 мянган төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 2020.05.01-нээс 2020.10.01- ний өдөр хүртэл хугацаанд тус бүр 100.000 төгрөгөөр нэмэгдүүлж олгоно. Үүнд, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настнууд, тэжээгч болон асран хамгаалагчгүй, хагас, бүтэн өнчин хүүхэд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх, одой хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийт 62,6 мянган иргэн хамрагдана.
- Малчдын орлогыг нэмэгдүүлж, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих талаар УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу малчдад тушаасан ноолуурын нэг килограмм тутамд 20.000 төгрөгийнурамшуулал олгохоор шийдвэрлэлээ. Урамшууллыг 2019 оны жилийн эцсийн мал тооллогын А данс дахь ямааны тоог үндэслэн олгох аж.
Эдгээр багц арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 793 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана. Санхүүжилтийн эх үүсвээрийг Төсвийн тухай, Засгийн газрын нөөц сангийн тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг холбогдох хуулиудад нийцүүлэн шийдвэрлэсэн байна. Дэлхийн нийтийг хамраад буй Коронавируст цар тахлын улмаас цуцлагдсан улс, тив дамнасан томоохон арга хэмжээнүүдэд зарцуулагдахаар төсөвлөсөн мөнгө, сургууль боловсролын үйл ажиллагааг зогсоосноос хэмнэгдсэн зарим төсөв гэхчилэн хуримтлагдсан мөнгийг зориулалтыг нь өөрчлөх байдлаар дээрхи багц арга хэмжээний санхүүжилтийг хийх боломжтой гэж үзжээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хүн бүрт тааруулж биш, нийгмийн эрх ашгийн төлөө Засгийн газар шийдвэр гаргасан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн дэлхий нийтийг заналхийлж буй Коронавируст халдварын тархалтын үед иргэдээ, улс орноо, иргэдийнхээ амь насыг хамгаалахын тулд УОК-ын шийдвэрийг дагаж биелүүлнэ” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хүүхдийн мөнгө олгох тухай
Засгийн газраас 0-18 насны хүүхдэд 100 000 /зуун мянган/ төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд олгохоор болсонтой холбогдуулан иргэд дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:
- Монголд харъяа дүүрэг, хорооны судалгаанд хамрагдан мөнгөө авч байсан хүүхдэд мөнгөн тэтгэмжийг дансаар нь шууд олгоно.
- Харъяа дүүрэг, хорооны судалгаанд хамрагдаагүй буюу хүүхдийн мөнгө авч байгаагүй бол төлөөллөөрөө уламжлан харъяа хорооны нийгмийн халамжийн ажилтанд хандана уу.
- АНУ-д байгаа хүүхдүүд мөнгөн тэтгэмжээ авахын тулд эцэг, эх нь хүчин төгөлдөр иргэний үнэмлэхтэй, монгол дахь хаяг дээрээ бүртгэлтэй байх шаардлагатай бөгөөд итгэмжлэлээр төлөөлүүлэн тэтгэмж хүсэх өргөдөл гаргаж болно.
- Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй хүүхдүүдийн хувьд одоо гадаад улсад оршин суугаа эсэхээс үл хамааран тэтгэмжээ авна. Сангийн мэдээллийг 3 жил тутам шинэчилдэг бөгөөд сүүлд 2017 онд шинэчилсэн. Мэдээллийг шинэчлэхдээ гэрээр явж бүртгэл хийдэг тул 2017 оноос хойш гадаад улсад төрсөн хүүхдүүд өрхийн бүртгэл буюу Монгол Улсад байнга оршин суудаг хаягийн бүртгэлд ороогүй учир одоогийн байдлаар тэтгэмжид хамрагдах боломжгүйг анхаарна уу.
АНУ-д
Ярилцлага: Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр 2020.04.28-ны өдөр АНУ-д үйл ажиллагаа явуулдаг ЮМОН телевизийн сувагт өгсөн ярилцлагыг энд дарж үзнэ үү.
Цаг үеийн мэдээлэл:
Тоо, статистик: 2020.05.06-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 1 сая 240 гаруй мянган коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 160 орчим мянган хүн эдгэрч, 72 гаруй мянган хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээсавна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу. Өнөөдрийн байдлаар АНУ-д 7.2 орчим сая хүнийг коронавирусын халдварын оношлогоонд хамруулжээ.
АНУ-ын мужууд халдварын нөхцөл байдалтайгаа уялдуулан эдийн засаг, нийгмийн байдлаа эргэн хэвийн байдалд оруулахаар тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байна. Таны оршин суугаа мужийн зүгээс эдийн засаг, нийгмийн байдлаа хэвийн байдалд оруулахтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, баримталж буй төлөвлөгөөтэй эндээс танилцаж, даган мөрдөж, үргэлжлүүлэн болгоомжтой байхыг уриалж байна (файлын “Reopening Plans and Task Forces” хэсгээс мэдээллээ авна уу).
АНУ-ын Халдварт өвчин судлалын төв (CDC)-өөс гаргасан коронавирусын халдвар авсан хүнд илэрч буй зарим нэг шинэ шинж тэмдгүүийн тухай мэдээллийг эндээс үзнэ үү.
Түүнчлэн дээрх байгууллагын цахим хуудсанд гэр, албан байгууллага, олон нийтийн газрыг хэрхэн ариутгах, цэвэрлэх тухай зааварчилгаа, зөвлөмжийг шинээр байршуулжээ. Эдгээртэй энд дарж танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна.
Жич: АНУ, Мексикийн Нэгдсэн Улсад коронавирусын халдвар авсан иргэд байвал энэ талаар ЭСЯ-нд мэдээлэл ирүүлэхийг хүсье. ЭСЯ мэдээллийн нууцыг хадгалах бөгөөд зөвхөн тусламж үзүүлэх зорилгоор мэдээлэл хүлээн авах болно.
Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 54 мянга орчим халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Нийслэл Вашингтон хотод “stay home” төрлийн хөл хориог 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуустал тогтоож, иргэдийг онцын шаардлагагүй хэргээр гэрээс гарахыг холбогдох захирамжаар хориглоод байна. Тус ЭСЯ-наас энэхүү нөхцөл байдалд уялдуулан иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж, АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулан тогтмол шинэчлэн хүргэж ирсэн бөгөөд энэхүү мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.
АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах бусад боломжийн тухай мэдээллийг:
АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:
Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:
АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:
АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:
Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:
АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл
Монгол Улсын ДТГ-уудын хаяг:
- Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск)
- Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
- ЭСЯ-ны утас: 202-333-7117
- Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002
- Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
- Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mn, sanfrancisco.mng@gmail.com
- ЕКГ-ын утас: 415-622-4000
- Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487
- Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
- Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
- БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
- Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591
МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ